Асуулт 1. Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгох насанд хүрч ажлаас чөлөөлөгдсөн бол түүний оронд шинээр ажилтан авахдаа заавал сонгон шалгаруулалт зарлах уу?
Хариулт: Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч бол Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдаж, сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ.
Харин төрийн үйлчилгээний байгууллагын бусад албан тушаалын хувьд сонгон шалгаруулалт зарлахгүй байж болно. Тухайн байгууллага, албан тушаалын онцлогоос хамаарч холбогдох журмын дагуу албан хаагчийн шалгаруулан авч болно.
Асуулт 2. Төрийн албан хаагч эрүүл мэндийн шалтгаанаар 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлэх тохиолдолд уг ажлын байрыг сул орон тоо гэж үзэн шалгалт зарлах уу? Нэг жилийн дараа үргэлжлүүлэн ажиллаж болох уу?
Хариулт: Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” тохиолдолд төрийн албанаас түр чөлөөлнө.
Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д ”Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно” гэж заасан тул уг ажлын байрыг сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарлана. Нэг жилийн дараа шууд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй бөгөөд нөөцөөс томилогдохтой холбоотой журам үйлчилнэ.
Асуулт 3. Төрийн захиргааны сул орон тоо байнга зарлагддаг боловч шалгалтад бүртгүүлдэггүй, нөөцөд хүн байхгүй тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ?
Хариулт: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д ”Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:
27.1.1.төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;
27.1.2.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас;
27.1.3.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс;
27.1.4.энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын 2.2, 2.3-т заасан дарааллын дагуу тус тус нөхнө.