Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн шалгаж байгаа билээ.
Тэрбээр “Өчигдөр надад прокурорын яллах дүгнэлт гардуулах гэв. Авахгүй гэдгээ мэдэгдэв. Учир нь би байтугай, тэд ичмээр дэндүү зохиомол, хөгийн үндэслэл бүхий яллах дүгнэлт аж. Урьд өдөр нь ачина гэж айлгав. Ачигдахыг хэн хүсэх билээ… Гэхдээ мань мэт арай өөр. Жарнаа үзсэн хүн айх юм бага” хэмээн жиргэжээ.
Харин прокурорын байгууллагаас энэ талаар тодруулахад “С.Баярт яллах дүгнэлт гардуулахаар мэдэгдсэн. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өглөө.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн
6-д Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.
7-д Яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр баримтжуулж хэргийг шүүхэд шилжүүлнэ гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас харахад С.Баярын холбогдсон хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон бололтой.
Ерөнхий сайд асан С.Баярын холбогдсон хэргийн талаар АТГ-аас “Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад нэр бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг холбогдуулан шалгаж байна” гэсэн мэдээллийг албан ёсоор өгч байсан юм.