Итали улс дэлхий дахинаа анх удаа улс орон даяараа коронавирусын “улаан бүс” зарлалаа. Энэ дагуу Итали даяар чөлөөтэй зорчиж болохгүй бөгөөд сургуулиудыг хааж, шоронгуудад бослого хөдөлгөөн дэгджээ. Эхэндээ энэ улс Европтоо өвчлөлийн тоогоор тэргүүллээ гэхэд дэлхий нийтэд үнэхээр гайхаж хачирхахаар санагдаж байсан нь лавтай. Үүнд хэд хэдэн шалтгаан бий гэнэ.
Италичууд харшдаа бүгэхээс өөр аргагүй болов
Италийн улсын засаг захиргаа гуравдугаар сарын 9-нд коронавирусын тархалтаас сэргийлэх яаралтай арга хэмжээ авсан юм. Одоо энэ улсын иргэд ажил, эмийн санд чөлөөтэй очиж, шаардлагатай тохиолдолд эмчид үзүүлж болно.
Харин задгай талбайн бүхий л арга хэмжээг хоригложээ. Кинотеатр, театр, музей, дисконы газруудыг хаасан аж. Мөн хувийн болон төрийн албанаас зохион байгуулдаг бүхий л арга хэмжээг зогсоож, соёл спортоос, шашны арга хэмжээ, яармаг худалдааг ч хоригложээ. Цанын амралтын газрууд ч ажиллахгүй байгаа юм. Сургууль, их сургуулиудыг мөн хаасан байна.
Биеийн тамирын заалнуудын үйл ажиллагааг зогсоож, спортын болон спа төвүүд, бассейнуудыг зогсоожээ. Ресторан, баарууд өглөөний 06 цагаас оройн 18 цаг хүртэл үйлчлүүлэгчидтэйгээ нэг метрээс хол зайнд харьцана гэсэн нөхцөлтэйгөөр ажиллуулж байна. Дэлгүүрүүд ч мөн ялгаагүй. Худалдааны төвүүд амралтын өдрүүдэд хаагдана. Энэ шинэ дүрэм дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл хэрэгжинэ.
Ийм хатуу арга хэмжээг зүгээр ч нэг аваагүй юм. Итали улсад өвчилсөн хүний тоо Хятадын дараа орж, 9172 болжээ. Энэ нь Өмнөд Солонгосоос ч олон гэсэн үг бөгөөд 463 хүн нас барсан аж.
Айж сандрах явдалгүй
Энэхүү арга хэмжээг авснаар италичуудын амьдралд эрс өөрчлөлт гарч байгаа юм. Метронд хүмүүсийн тоо цөөрч, хүнсний дэлгүүрүүдэд тодорхой тооны хүнд үйлчилнэ гэсэн заалт хэрэгжиж эхэлсэн тул дэлгүүр дугаарлах болжээ. Хамгийн таатай нь хүмүүс биеэ тун тайван авч яваа гэнэ. Боломжтой бол бүгд л гэрээсээ ажиллахыг хичээж байна.
Метронд гал тэрэг, метроны станцад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа тухай реклам байнга явуулна. Энэ байдлаар иргэдийг тайвшруулдаг аж. Жуулчид цөөн, гудамж хоосон байна.
Сүнстэй хот
Ром хот сүнстэй мэт болжээ. Сүүлийн үеийн мэдээллээр иргэд байдал ноцтойгоор эргэснийг мэдэрчээ. Тиймээс гэрээс гарах нь багассан байна. Гудамжаар цагдаа нар, цэргийн машинууд үзэгдэж, байдал түгшүүртэй болсон байна. Үүн дээр нэмэгдээд шоронгоос хоригдлууд оргосон тул нөхцөл байдал аюултай болжээ.
Хязгаарлалтын арга хэмжээний болж шоронгуудад бослого үймээн дэгджээ. Хоригдлууд төрөл төрөгсөдтэй нь уулзуулахгүй байгаад дургүйцэж, 30-аад хорих ангид эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Тэд дэр, хөнжлөө шатааж, дээврээ эвдэж, оргож зугтах гэж оролджээ.
Хүмүүс хотоос хүндэтгэх шалтгаангүйгээр хаашаа ч гарах боломжгүй болсон гэнэ. Тэр ч бүү хэл энэ улсаас ч гарах эрхгүй болсон байна. Хүнсний дэлгүүрт бээлий заавал өмсөж үйлчлүүлэхийг хүртэл шаардаж байна. Хүмүүс айсандаа хэрэгцээт зүйлсээ бөөндөж авснаас болж дэлгүүрүүдийн лангуу хоосорчээ.
Италичууд улс оронд нь вирус ийм хурдан дэгдсэн шалтгааныг аюулыг эхэндээ дутуу үнэлснээс болсон гэж харж байна. Тэд анхааруулгыг үл тоомсорлож, маск зүүхгүй, гэртээ байх дургүй байснаас болж ийм байдалд оржээ.
Бизнес буруутай
Италийн сэтгүүлч Жульетто Кьеза улс оронд нь вирус тархсан шалтгааныг Хятадтай маш нягт холбоотой болсонтой холбон тайлбарлажээ.
“Ихэнх “Made in Italy” нэртэй зүйлс Хятадынх. Хэдэн мянган италичууд Хятадад ажиллаж ирсэн, одоо ч ажиллаж байна. Мөн цөөнгүй хятадууд Италид ажилладаг. Иали Европын улс орнууд дотроо Хятадтай хамгийн нягт харилцаатай улс” гэж тэрбээр бичжээ.
Хятадууд өвчнийг нэн даруй илрүүлж, аль болох шуурхай тархалтыг зогсоох оролдлого хийсэн. Харин италичууд энэ тухай огт бодоогүй, дэлхий дахины асуудал гэж үзээд цаашид нөхцөл байдал хэрхэхийг урьдчилан харж чадаагүй гэж Кьеза үзэж байна.
“Төр болон иргэд нь анхны өвчтөнүүд гарч ирэхэд асуудалд тийм ч ноцтой хандаагүй, аюулгүй байдлын тодорхой арга хэмжээ аваагүй. Засгийн газар анхнаасаа л нөхцөл байдлыг ойлголгүй дэвэргэж орхисон. Үүнээс гадна Италийн зарим бүсэд “улаан бүс” байгуулсан боловч нөхцөл байдлыг дутуу үнэлсэн юм” хэмээн сэтгүүлч тэмдэглэжээ.
Харин одоо авч байгаа арга хэмжээ нь ч хангалттай үр дүнтэй биш гэж Кьеза үзэж байна.
https://360tv.ru/news/tekst/zhiteli-italii/?utm_referrer=https%3A%2F%2Fzen.yandex.com