Нийслэлийн Авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө батлах тухай асуудлыг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨАТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа танилцууллаа.
“Нийслэл Улаанбаатар хотын хүн ам эрчимтэй өсөж, суурьшлын нутаг дэвсгэр нь өргөжин тэлж байгаа тул авто замын сүлжээ төлөвлөлтийг хотын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Иймд хотын хөгжлийн чиг хандлага, хүн амын өсөлт хөгжил, хэрэгцээ шаардлагад нийцэж, оршин суугчдын аюулгүй байдал, тав тухыг хангасан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал чиглэл, даац ачааллыг бүрэн хангасан, дэд бүтцийн үндсэн сүлжээтэй уялдсан, байгаль орчинд ээлтэй улс, олон улсын авто замын сүлжээнд нэгдсэн авто замын 2015.2 км сүлжээтэй болохоор төлөвлөж байна. Улаанбаатар хотын гудамж замын сүлжээний уртыг одоогийнхоос 534.4 км-ээр нэмэгдүүлж 1313.6 км-д хүргэх урт хугацааны зорилтыг боловсруулсан” гэлээ.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, мастер төлөвлөгөөнд нэмж тусгах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлж, зарим тодруулж асуух зүйлээ холбогдох албаны хүмүүсээс асуув.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ажил хийх бүх нөхцөл боломжоор хангаж, цаг хугацааг өгсөөр байтал төлөвлөсөн хугацаанд нь ажил гүйцэтгэхгүйгээс гадна мастер төлөвлөгөөгөө илүү нарийвчлан тооцоо судалгаатай гаргаж авто замын хөгжлийн бодлоготой уялдуулж, бүх төлөвлөгөөгөө гаргах шаардлагатай” гэдгийг онцоллоо.