Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласантай холбогдуулан хөдөө орон нутаг руу ар гэрийн гачигдал, өвчтэй хүн асрах, тусгай чиглэлийн албан үүрэг гүйцэтгэж байгаа гэх мэт зайлшгүй хүндэтгэх шалтгаантай иргэдэд нийслэлийн Онцгой комиссоос нэвтрэх зөвшөөрлийн хуудас олгож байгаа аж.
Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар хэлэхдээ “Нийслэлийн Онцгой комисст хөдөө орон нутаг руу зорчих иргэдийн хүсэлт маш их ирж байна. Хүсэлт ирүүлсэн иргэдэд нотлох баримтыг нь үндэслэж нэвтрэх зөвшөөрлийг олгож байгаа.
Онцгой дэглэм тогтоосон үед зөрчил гаргасан иргэнийг 150 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг сая 500 мянган төгрөгөөр торгох учраас иргэд та бүхэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед төр засгаас гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг хүсэж байна” гэлээ.