Шинэ коронавируст халдвар дэлхийн олон улсад дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын онцгой комиссын шийдвэрээр төрийн албан хаагчдыг хэсэгчилсэн байдлаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Уг шийдвэртэй холбогдуулан цагдаагийн байгууллага албаны өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна.
Халдварт өвчний үед ийнхүү ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчдыг хамгаалах хувцас хэрэглэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисоор хэрхэн хангаж байгаа талаар ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Мөнххуягаас тодрууллаа.
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллага батлагдсан төсвийн хүрээнд алба хаагчдад ямар хангамжийг олгож байгаа вэ?
-Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч нарт халдвараас хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисыг анги, байгууллага бүртээ бэлтгэхэд зориулан 152 сая төгрөгийг хуваарилсан. Санхүү, аж ахуйн албаны даргын тушаалаар байгуулагдсан ажлын баг хоёр удаагийн худалдан авалтаар 7708 ширхэг хамгаалах хувцас буюу комбинзон, 1723 ширхэг нүдний шил, 27 000 ширхэг даавуун амны хаалт , 10 000 ширхэг N95 стандартын амны хаалт, 9240 ширхэг малгай, 13 250 ширхэг улавч, 20 250 ширхэг бээлий, гар ариутгагч 2000 литр, спирт 2100 литрийг тус тус 169.6 сая төгрөгөөр бэлтгэж, анги байгууллагуудад хуваарийн дагуу олгож байна.
-Бэлтгэсэн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисыг ямар хуваариар хэрхэн олгож байна вэ?
-Өнөөдрийн байдлаар, таван удаагийн хуваариар давхардсан тоогоор нийт 3795 ширхэг хамгаалах хувцас, 1085 ширхэг нүдний шил, 15 093 ширхэг даавуун амны хаалт, 4075 ширхэг N95 стандартын амны хаалт, 2485 ширхэг малгай, 3,805 ширхэг улавч, 7950 ширхэг бээлий, 720 литр гар ариутгагч, 1220 литр спиртийг 48 анги, байгууллагад хүргэлээ.
-Улсын онцгой комиссын болон Эрүүл мэндийн сайдын тушаалыг хэрхэн хангаж байна вэ?
-Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Заавар батлах тухай” А/161 тоот тушаал, 6 дугаар зүйлийн 6.1.2.3 дэх хэсэгт заасан хувийн хамгаалах хэрэгсэлийн дөрөвдүгээр зэрэглэлийн дагуу халдварт өвчтэй хүн, эд зүйлтэй шууд хавьтал болохгүй, эрүүл бүсэд ажиллаж байгаа албан хаагчид хамгаалах өмсгөл /комбинзон/ өмсөх шаардлагагүй байдаг.
Ийм учраас амны хаалт, халдваргүйтгэлийн бодис хэрэглэж эрдлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Харин Улаанбаатар хот болон дөрвөн аймгийн тусгаарлах цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэгслийг журмын дагуу өмсгөж хэрэглүүлэн, алба хаагчдын аюулгүй байдлыг хангаж байгаа.
-Аймаг, нийслэлийг бүсчлэн хаах, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах хяналтын цэг, эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид энэ хувцсыг хэрэглэх үү?
-Энэхүү эрүүл бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хувьд хуваарилан олгосон халдвар хамгааллын хувцас, хэрэглэлийг хүний амь хохирсон сэжигтэй дуудлага, сэжигтэй тохиолдлын ойрын хавьталд орсон иргэний хаяг, байршлаар очиж ажиллах тохиолдолд өмсөж хэрэглэнэ.
Нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэглэлийн олдоц муу байгаа тул нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор дахин худалдан авахаар, эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгч байгууллагуудаас үнийн санал авч, холбогдох судалгааг хийж байна.