Японы Цагаачлалын албаны мэдээгээр манай улсын 12000 гаруй иргэн урт, богино хугацаагаар Япон Улсад оршин сууж байна. Коронавирусний халдвартай холбоотойгоор Монгол, Японы хооронд бүх шууд нислэгийг түр зогсоосон.
Үүний улмаас Япон Улсад түр хугацаагаар зорчиж байгаа мөн их, дээд сургуулиа төгсөж байгаа Монгол Улсын иргэд эх орондоо буцах хүсэлтээ ЭСЯ-нд илэрхийлж байна. ЭСЯ иргэдийн санал, хүсэлтийг Гадаад харилцааны яаманд хүргүүлж, Япон дах манай иргэдийн нөхцөл байдлыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Онцгой Байдлын Комисст мэдээлж байна.
Ялангуяа, иргэдээс тавьж буй тусгай үүргийн нислэгийн асуудлыг ЭСЯ-наас Гадаад харилцааны яаманд удаа дараа тавьснаар УОК-оос Токио болон Сөүлд байгаа нэн тэргүүнд яаралтай буцах шаардлагатай байгаа өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй болон өндөр настай өөрийн иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх орон руу нь авчирахаар шийдвэрлээд байна.
Иймд Та бүхэн Токио дахь ЭСЯ-ны доорхи утсанд холбогдон тусгай үүргийн нислэгээр буцах бүртгэлээ хийлгүүлнэ үү. Бүртгүүлэхэд гадаад паспортын дугаар, төрсөн огноо, буцах тийзийн дугаар, холбоо барих утасны дугаар шаардлагатай болохыг анхаарна уу.
Бүртгэл хийх утасны дугаар:
03-3469-2091, 03-3469-2089, 03-3469-2195, 03-3469-2179
Мөн ЭСЯ-ны зүгээс “богино хугацааны виз”-ээр ирсэн иргэдийн визний сунгалтыг Японы Цагаачлалын албанд хандаж хүсэлт тавьснаар эхний удаа 3 дугаар сарын 13-ний өдрийг хүртэл сунгуулах арга хэмжээг авсан. УОК-ийн шийдвэртэй холбогдуулан дахин заасан хугацааг 3 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл сунгуулах хүсэлтийг илэрхийлээд Японы Цагаачлалын албанаас 3 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл “богино хугацааны виз”-ийг сүүлийн удаа дахин нэг сунгах болсон хариуг ирүүлээд байна.
Тус албанаас “аялалын виз”-ийг онцгой тохиолдолд ганц удаа сунгадаг ч судалж үзээд дахин нэг удаа сунгах, харин үүнээс цааш сунгах боломжгүй талаар урьдчилсан тайлбар өгөөд байсан юм. Иймд “богино хугацааны виз”-ний хугацаа нь дуусахаар дөхөж буй иргэд ойролцоох Японы Цагаачлалын албанд очиж визний сунгалтаа хийлгэнэ үү.
Дараах бичиг баримтыг бүрдүүлж очиход анхаарна уу. Үүнд:
• Гадаад паспорт
• 3х4 хэмжээтэй цээж зураг /1 ширхэг/
• Виз сунгуулахыг хүссэн анкет / http://www.moj.go.jp/content/001290197.pdf/
• Виз сунгалтын төлбөр 4,000 иен
• 2/28-3/28-ний хооронд явах нисэх онгоцны тийз /урьдчилсан байдлаар/
Япон Улсын Цагаачлалын албанаас Таны визийг 15-30 хоногийн хугацаатай сунгана.
Танд харьяалагдах Япон Улсын Гадаадын иргэн, харьяатын газрын байршлыг дараах холбоосоос авна уу.
http://www.immi-moj.go.jp/english/info/index.html
Консулын үйлчилгээний хувьд иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс төрсний бүртгэл, гадаад паспорт захиалга, буцах түр үнэмлэх захиалга, гадаад паспорт олголт, УБЕГ-ын лавлагааны үйлчилгээ, мөн гадаад паспорт захиалах, хүүхэд хилээр асран халамжилж Японд авчрах, нутаг буцаах, хүүхдийн виз мэдүүлэх, тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/, жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах, төрөл садангийн лавлагаа авах, өндөр насны тэтгэвэр тогтоолгох итгэмжлэлийг ЭСЯ-наас шуудангаар хүлээн авч үзүүлж байна.
Та дараах холбоосоор мэдээлэлтэй танилцана уу. www.tokyo.embassy.mn
Манай иргэд улс оронд үүссэн гэнэтийн, онцгой, хүнд нөхцөл байдалд иргэний хувьд ухамсартай хандаж, гол нь Монгол, Японы эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй эрүүл мэндийн зөвлөмжийг мөрдөж, гараа сайтар угаах, маскаа байнга зүүх, шаардлагагүй бол олон нийтийн газар явахгүй байх зэрэг хувийн ариун цэврийг сайн сахихыг анхааруулж байна.
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ