ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөө өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 107 иргэн ирснээс 70 иргэнийг нь тусгаарлан үзлэгт хамруулж, тандалт, асуумж авсан. Багабаянгийн амралтанд 31 хүнийг тусгаарлан, ХӨСҮТ-д 9 хүнийг нь шилжүүлэн ажиллаж байна.
Дархан-Уул аймагт Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг тохиолдол нэмэгдсэн. Тус аймагт нийт 63 хүнийг ажиглалтад аваад ажиллаж байна.
Сэлэнгэ аймагт 81 хүн байгаа. Үүнээс 65 хүн ажиглалт, 16 хүн тусгаарлалтад орсныг хянаж байгаа бөгөөд биеийн байдал нь бүгд хэвийн байна. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 1,206 тохиолдыг тусгаарлан хяналтад авсан. Мөн өнөөдрийн байдлаар 715 хүн ажиглалтад байна. Батлагдсан нэг тохиолдолтой ойрын хавьтал 171 хүн байгаа” гэлээ.
Түүнчлэн Монголын уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлүүд уламжлалтын чиглэлээр өгч буй амьсгалын замын халдвараас сэргийлэх аргыг хэрхэн ашиглах зэрэг зөвлөмжийн зааврыг боловсруулсан.
Уламжлалт анагаах ухааны эм тангийн нөөцөө бүрдүүлэн, судалгаа авч ажиллаж байна. Цаашид шаардлагатай бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх цэгүүдийг хаана байгуулж болох талаарх судалгаа тооцоог гаргаж байгааг хэлье.
Нэмж хэлэхэд үйлчлүүлэгч, өвчтөнүүдийн нэр хүндэд халдах, доромжлох, тусламж үзүүлж буй эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн нэр хүндэд халдахгүй байхыг уриалж байна. Тангараг өргөсөн эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид үнэнчээр ажиллаж, хөдөлмөрлөж байна. Бид шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрүүдийг гаргаж байгаа гэсэн юм.