Коронавирусний халдварын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэр гарсантай холбоотой Завхан аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Тухайлбал орон нутагт аймгаас гарах болон орох, сум хооронд зорчих хөдөлгөөнийг тус тус хаалаа. Үүнтэй холбоотой Завхан аймгийн хэмжээнд нийт 106 постыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болов. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зоогийн газруудын ажиллах цагийн хуваарийг оройн 20.00 цаг болгож өөрчилж өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглов.
Харин томоохон хүнсний болон барааны захын үйл ажиллагааг хэвийн явуулж ариутгал халдваргүйтлийг чанд сахиулах, амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг сануулав. Хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагааг өглөөний 09.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл явуулах шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болов.
Аймгийн хэмжээний төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг ариутгал халдваргүйтгэлийг чанд сахиж, амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болголоо. Мөн иргэдийг айж тэвдэлгүй, аль болох гэртээ байх, гараа тогтмол угаах, гадуур явах бол амны хаалт заавал зүүхийг Онцгой комисс дахин зөвлөлөө.
Ташрамд, Улсын Онцгой комисоос Монгол Улсад коронавирусний халдварын анхны тохиолдол Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн тул халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны 07:00 цагаас 03 дугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл түр зогсоосон байна.