Монгол Улсад COVID-19 вирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан ИНЕГ-ын Даргын ээлжит бус шуурхай зөвлөгөөн өнөө өглөө хуралдаж тодорхой шийдвэрүүд гаргалаа. Тухайлбал, амны хаалт зүүгээгүй болон биеийн халуунаа үзүүлэхээс татгалзсан ажилтныг ажлын байранд нэвтрүүлэхгүй байх, ажил тасалсанд тооцохыг үүрэг болголоо.
ИНЕГ-ын харьяа алба, салбаруудын ажлын байранд бүх ажилтнуудын халууныг хэмжин нэвтрүүлэх, 37.2-оос дээш хэмийн халуунтай ажилтныг ажлын байранд нэвтрүүлэхгүй байх, халуунаа үзүүлэхээс татгалзсан ажилтныг ажлын байранд нэвтрүүлэлгүй ажил тасалсанд тооцох, бүх ажилтнууд тогтмол амны хаалт зүүх, амны хаалтгүй ажилтныг ажлын байранд нэвтрүүлэхгүй байх, энэ тохиолдолд ажил тасалсанд тооцох юм.
Мөн олуулаа суудаг ажилтнуудад хувийн ариун цэвэр сайтар сахихыг анхааруулах, зохицуулалт хийх саналаа танилцуулах, зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд бүх хурал, семинар, сургалтыг зогсоохыг алба, салбарын дарга нарт үүрэг болголоо.
Түүнчлэн COVID-19 вирус илэрсэнтэй холбогдуулан Засгийн газраас тогтоосон дэглэм, журам, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар Улсын онцгой комисс, Засгийн газар болон холбогдох албан ёсны эх сурвалжаас гаргасан мэдээ, мэдээллээс бусад албан бус эх сурвалжтай мэдээ, мэдээллийг тарааж, түгээхгүй байх, хэрэв ингэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог талаар ажилтнуудад сануулж, санамж гаргахыг харьяа байгууллагын удирдлагуудад Шуурхай зөвлөгөөнөөс үүрэг болголоо.
Эх сурвалж: ИНЕГ