Коронавирусийн халдвар гарсан энэ үед ямар арга хэмжээ авч ажиллах талаар мэргэжлийн хүмүүс өгч байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарын 7-ны ХӨСҮТ-д тусгаарласан нэг иргэнд халдвар илрээгүй. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг “Бадрах энержи” компанийн байранд тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Францын иргэний нэгдүгээр хавьтал Улаанбаатар хотоос 43, Дорноговь аймгаас 80, нийт 123 иргэнийг илрүүлэн ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Хэдийгээр бид өнөөдөр таагүй мэдээ дуулгаж байгаа ч иргэд сандрах хэрэггүй. Бид төлөвлөлтийн дагуу ажиллана, бидний ажилд саад учруулахгүй, ЭМЯ-наас мэдээлэл авч, өгсөн зөвлөмжүүдийг дагахыг хүсэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Коронавирусийн халдвар авсан Францын иргэн гуравдугаар сарын 2-ны онгоцоор Улаанбаатарт ирсэн. Ирсэн өдрөө биеийн байдалд халуурах ханиах зэрэг халдварын шинж илрээгүй. Гуравдугаар сарын 6-ныг хүртэл Улаанбаатар хотод байсан. 6-ны оройн УБ-Сайншандын галт тэргээр Дорноговь аймаг руу явсан. Очсон хойно нь хамар битүүрэх, халуурах, бие зарайх зэрэг халдварын шинж илэрсэн гэх мэдээллийг бидэнд тус аймгийн ЭМГ-аас бидэнд өгсөн.
Гадаадын иргэнийг сэжигтэй тохиолдол хэмээн үзэж, тухайн аймагт нь мэргэжлийн багийг ажиллуулж, тандалт судалгааг эхлүүлсэн байсан. Тандалт судалгаагаар энэ хүн Улаанбаатарт ажлын байранд болон бусад үйлчилгээ үзүүлсэн нэгдүгээр хавьтагч 43 иргэнийг илрүүлж, нэг усыг гаргаад шинжилгээний хариу гарах хүртэл гэрт нь тусгаарлаад эхэлсэн байсан. Мөн орон нутагт нь тус кэмпийн 60 хүнийг тусгаарласан. Батлагдсан тохиолдлын шинжилгээг давтан хийнэ. Монголд коронавирусийн халдвар гадны орноос зөөвөрлөгдөн орж ирлээ.
Эхний хавьтагч болох 123 хүн хатуу дэглэмийн тусгаарлалтын бүс болох ХӨСҮТ-д тусгаарлагдана. Энэ хүмүүсээс ойр ойрхон лабораторийн шинжилгээ авна. 11.00 цагийн байдлаар 20-иод хүнийг тусгаарлагдаад байна. Хөдөө орон нутаг руу явсан хүмүүсийг тухайн аймгууд руу нь мэдэгдэж, тэнд нь тусгаарлах арга хэмжээ авна. Мөн онгоцонд явсан ойрын хүмүүсийг тусгаарлана.
Хавьтлын хавьтал буюу хоёрдогч хавьтлын хүмүүсийг нэгдүгээр хавьтлын шинжилгээний хариу гарах хүртэл гэрт нь тусгаарлана. Тэгэхээр 200-300-гаад хүнийг ажиглалтад авах болж байна. Тиймээс маш дэг журамтай, эрүүл мэндийн ажилтнуудын ажилд саад учруулахгүй байх хэрэгтэй.
Халдвар авсан 57 настай Францын иргэн Баянгол зочид буудалд байрлаж, “Ариг Веранда” гэж зоогийн газарт гуравдугаар сарын 3, 4-нд үдийн хоол идсэн. Тухайн үед хоол идсэн хүмүүс хоёрдугаар хавьтагч гэсэн үг. Ийм хүмүүс өөрийгөө ажиглаж, гэртээ 14 хоног тусгаарлагдах шаардлагатай гэж зөвлөв.