Муслимуудыг ялгаварлан гадуурхах үзлээ нуудаггүй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын анхны гадаад айлчлал өнөөдөр (2017.05.19) Саудын Арабаас эхэлжээ. Тэрбээр Ойрхи Дорнодын дөрвөн орноор ес хоног айлчилах юм байна.
Энэ хугацаанд Исламын шашны өлгий болсон тус улсад муслим улс орнуудын удирдагч нартай уулзах бөгөөд Исламын хэт үзлийн талаар илтгэл тавих аж. Мөн Израйльд саатахдаа уулын оройд байрлах эртний Масада хэрмэнд зочилж үг хэлэхээр төлөвлөж байсан ч талаар өнгөрчээ.
Тэрбээр энэхүү дурсгалт газарт нисдэг тэргээр очихыг хүссэн ч хад нурах аюултай тул хориглосон байна. Иймд Иерусалемийн музейд үг хэлэхээр болжээ. Үүнээс гадна Холокостын дурсгалын музей Яд Вашемд ердөө 15 минут зочлох төлөвлөгөө гаргаж, музейг үзэх цаг гаргаагүйд Израйлчууд гайхан дургүйлхэж байгаа гэнэ. Тэдний хувьд энэ музей маш чухал юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр Дональд Трамп энэ бүх асуудлаас гадна анхны айлчлалд явах дургүй байгаа юм байна. Тэрбээр айлчлалын хугацааг хэтэрхий урт хэмээн шүүмжилж тав тухтай орчноосоо хол байхад хэцүү гэж үзжээ.
Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх туслахууд түүний өмнөөс айлчлал амжилттай дуусахыг залбирч харь нутагт эвгүй ааш гаргах вий гэхээс айж байгаа гэнэ.