ДЭМБ, ЭМЯ болон холбогдох Сэлэнгэ аймагт ажиллажээ. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны ЭТГ-ын Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Золзаяагаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд тус аймагт ажиллаж, COVID-19-ын халдварын сэргийлэлт, хяналтын бэлэн байдалтай танилцсан байна.
Энэ үеэр ажлын хэсгийнхэн Алтанбулаг сумын боомт болон Хилийн мэргэжлийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторит хяналт шалгалт хэрхэн хийж байгаатай танилцаж, хилээр орох, гарах хөдөлгөөнд ажиглалт явуулжээ. Улмаар хилийн зоонд байгаа тусгаарлах хоёр байрны үйл явцыг хянаж, зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.
Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэг, халдвартын тасгийн тусгаарлалтын хэсэг дэх шар, ногоон, улаан бүсийн үйл явцад хяналт тавьж ажиллажээ.
Үүний дараа аймгийн Эрүүл мэндийн газарт ДЭМБ-ын зөвлөн туслах баг эмч мэргэжилтнүүдэд халдварын шинж тэмдгийг хэрхэн таних, мөн халдвар дамжих зам, эрэмбэлэн ангилах, тусгаарлах, хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ, халдваргүйжүүлэлт зэрэг сэдвийн хүрээнд сургалт явуулж, мэдлэг, мэдээллээр хангаж үйлчилсэн байна.
Ажлын хэсгийнхэн Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг өндөр зохион байгуулалттай ажиллаж байна гэж үнэлжээ. Тэд өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж байгаа юм.