Оросын нийслэл Москва хотын эрүүл мэндийн газар сайтаараа дамжуулан коронавирустэй холбоотой асуултуудад хариулжээ. Эдгээр хариултад коронавирусын дэгдэлттэй долоон улс буюу Хятад, Итали, Өмнөд Солонгос, Иран, Франц, Герман Испаниас эргэж ирсэн хүмүүс 14 хоногийн хөл хорионы дэглэмийг зөрчвөл 5 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гэжээ. Хөл хориотой холбоотой хариуцлагыг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 236-р зүйл буюу Эрүүл ахуй-халдвар судлалын журам зөрчсөн” гэдгээр зохицуулах юм байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн газраас өөрийгөө тусгаарлах дэглэмийг видео ажиглалтын системийн тусламжтайгаар буюу хотын гудамжинд тогтоосон камер, домофоноор хянана гэжээ.
Москва хотын захирагчийн газар коронавирустэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг гуравдугаар сарын 5-наас авч эхэлсэн юм. Энэ үеэс эхлэн дээр дурдсан долоон улсаас гэртээ ирсэн хүмүүс дээр Эрүүл мэндийн яаралтай тусламжийн төвийн төлөөлөгчид үзлэг хийж байгаа юм. Тэднээс шинжилгээ авч, 14 хоногийн хугацаанд тусгаарлалтын дэглэмд байх үүрэг хүлээсэн баримтад гарын үсэг зурсан байна.
Төвийн төлөөлөгчид хөл хорионд орсон хүмүүсийн зургийг авч, Москвагийн цагдаагийн мэдээллийн тусгай сан руу зургийг нь илгээж байгаа болохоор цагдаагийн газраас тухайн хүний хаана байгааг хянаж байна.
Орцноос эхний удаа гарч, гудамжинд гарч ирсэн хүмүүст 500 рублийн торгууль ногдуулна. “Хэрвээ өвчтөн гэртээ тусгаарлагдаж, гэртээ ганцаараа байгаа бол шаардлагатай тохиолдолд л хүн багатай газраар эмнэлгийн масктай гарна. Аль болох хүргэлтийн үйлчилгээ, найз нөхөд, танилын тусламжийг ашиглах хэрэгтэй” хэмээн Москвагийн засгийн газрын сайтад тэмдэглэжээ.
Түүнчлэн өвчтөн эмнэлэгт тусгаарлагдсан бол ар гэрийнхэн нь эргэх боломжгүй юм байна. Гэхдээ гар утас ашиглаж болно. Ар гэрийнхэн нь өвчтөнд хүнс, хувийн эд зүйлсийг нь өгч болно.
Орост коронавирусын халдвар авсан хүмүүсийн тоо гуравдугаар сарын 8-ны байдлаар 17 болж, нэг хоногийн дотор зургаан шинэ тохиолдол илэрчээ.
Орчуулсан Э.МАРТ
1 comment
Манай нөгөө архи аягалаад гүйдэг гаруудыг 5 жил л хорих ёстой юм байна ш дээ.