УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн арванхоёрдугаар сарын 5-ны хаалттай хуралдаанаар Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтын нэршлийг өөрчлөх асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай асуудлыг хэлэлцжээ.
Ингээд 19 гишүүнээс 10 нь оролцсон хуралдаанаар дэмжсэн байна. Байнгын хорооноос өгсөн чиглэлийг үндэслэж Засгийн газар 2020 оны хоёрдугаар сарын 19-нд хуралдаж, 2017 оны 326 дугаар тогтоолоо өөрчилсөн байна.
Уг тогтоолоор Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрт 49 оронг оруулаад байсан юм. Харин тогтоолд өөрчлөлт оруулснаар оффшор биш “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан гадаад улс, түүний нутаг дэвсгэр” гэж нэрлэжээ.
Мөн 244 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай” гэсэн заалтыг устгажээ.
Ингэснээр хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаалтнууд, тэдгээрийн төрөл садан оффшор бүсэд данс нээлгэх, хөрөнгө байршуулах, өмчлөх, компани байгуулахыг хориглохоо больж байгаа юм биш. Учир нь, Сонирхлын зөрчлийн тухай гэж нэршиж заншсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд энэ нь хориотой. Иймээс хийдэл, зөрчил, сөрөг үр дагавар гарахгүй гэдгийг АТГ-ын эх сурвалж баталж байна.
Харин ч Байнгын хорооны чиглэл, Засгийн газрын тогтоол нь гадаадын улстай тогтоосон дипломат, найрсаг харилцаанд сөрөг үр дагавар авчрахаас сэргийлсэн косметик засвар байж. Швейцарын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти Монголд ирэх үеэрээ ч, УИХ-ын дарга Г.Занданшатарыг тус улсад айлчлах үеэр ч хөрөнгө оруулагч, бизнесийнхэнд ээлтэй байдлаар Засгийн газрыг тогтоолыг өөрчилж өгөхийг хүссэн байдаг юм.
Засгийн газрын 2017 оны 326 дугаар тогтоолын хавсралт
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалт
Нэр (монгол хэлээр) | Нэр (англи хэлээр) | |
Ангиль | Anguilla | |
2. | Андоррагийн Хант Улс | Andorra |
3. | Антигуа Барбуда | Antigua & Barbuda |
4. | Арабын Нэгдсэн Эмират | United Arab Emirates |
5. | Аруба | Aruba |
6. | Барбадос Улс | Barbados |
7. | Бахамын арлууд | Bahamas |
8. | Бахрейны Хаант Улс | Bahrain |
9. | Белиз Улс | Belize |
10. | Бермудын арал | Bermuda |
11. | Ботсвана | Botswana |
12. | Британийн Виржинийн арлууд | British Virgin Islands |
13. | Бруней | Brunei |
14. | Бүгд Найрамдах Вануату Улс | Vanuatu |
15. | Бүгд Найрамдах Кипр Улс | Cyprus |
16. | Бүгд Найрамдах Коста-Рика Улс | Costa Rica |
17. | Бүгд Найрамдах Либери Улс | Liberia |
18. | Бүгд Найрамдах Ливан Улс | Lebanon |
19. | Бүгд Найрамдах Мавритан Улс | Mauritius |
20. | Бүгд Найрамдах Мальта Улс | Malta |
21. | Бүгд Найрамдах Панам Улс | Panama |
22. | Бүгд Найрамдах Уругвай Улс | Uruguay |
23. | Гернси | Guernsey |
24. | Гибралтар | Gibraltar |
25. | Гренад Улс | Grenada |
26. | Доминикийн Хамтын Нөхөрлөлийн Улс | Dominica |
27. | Жерси | Jersey |
28. | Ирланд Улс | Ireland |
29. | Кайманы арлууд | Cayman Islands |
30. | Куракао | Curacao |
31. | Куукийн арлууд | Cook Islands |
32. | Лихтенштейний Вант Улс | Liechtenstein |
33. | Люксембург | Luxembourg |
34. | Макао | Macao, SAR |
35. | Малайз | Malaysia |
36. | Маршаллын арлууд | Marshall Islands |
37. | Монако | Monaco |
38. | Монтсеррат Улс | Montserrat |
39. | Мэний арал | Isle of Man |
40. | Нидерландын Антиллийн Арлууд | Netherlands Antilles |
41. | Самоагийн Тусгаар улс | Independent State of Samoa |
42. | Сейшелийн Арлын Бүгд Найрамдах Улс | Seychelles |
43. | Сент-Винсент-Гренадин Улс | St. Vincent and Grenadines |
44. | Сент-Китс-Невисийн Холбооны Улс | St. Kitts and Nevis |
45. | Сент-Люси Улс | St. Lucia |
46. | Сингапур | Singapore |
47. | Тёркс-кайкосын арлууд | Turks and Caicos Islands |
48. | Хонконг | Hong Kong, SAR |
49. | Швейцар | Switzerland |
Эх сурвалж: time.mn