Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний тэргүүн, эрх зүйч А.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Батлан хамгаалах салбарт улс төрийн нөлөөлөл бараг л байхгүй гэж би ойлгодог яагаад улс төрөөс ангид байх таван яамны нэг гээд байгаагаа тайлбарлаач.
– Ер бол улс төрийн оролцооноос ангид намын хатуу гишүүнчилэлээс татгалзсан тусгай чиг үүргийн эхний ээлжинд таван яамыг энэ улс төрөөр бизнес хийдэг бүлэглэлийн мөнгө босгогч нараас салгаж авах хэрэгтэй. Тухайлбал: Боловсрол, Эрүүл мэнд, Батлан хамгаалах, Эрчим хүч, Уул уурхай эдгээр салбарт намууд хошуу дүрэхгүй, аль нэг сонгуулийн үр дүнгээр ялсан намын бялууны хэсэг болгохгүй байх эрх зүйн орчинг боловсруулаад иргэддээ танилцуулж байна.
Батлан хамгаалах салбарт гурван субъект байдаг юм. Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Засгийн газар, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Батлан хамгаалах яамны сайд. Энэ бол төрийн захиргааны удирдлагын чиглэлийн хүн бөгөөд улс төрийн албан тушаалтан гэж явдаг.
Батлан хамгаалахын сайд цэргийн мэргэжлийн удирдлагын үйл ажиллагаанд дураараа орох эрхгүй хэмээн батлан хамгаалах тухай хуульд тодорхой заасан хэрнээ олон жил бид Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллага дээр улс төрийн тоглолт хийж албан тушаал наймаалцах, хөрөнгө мөнгө босгох, сонгуульд армийн нэр хүндийг ашиглаж санал авах, бичиг хэрэг, нярав гээд бүх албан тушаалыг мэдлэг боловсрол, туршлага дутуу албан хаагчидаар бүрдүүлэх, олон жил бэлтгэгдсэн офицер нарыг тэтгэвэрт гаргах замаар замаасаа зайлуулах, батлан хамгаалах чиглэлийн сургуулийг ашиглаж өөрийн сонгуулийн багт ажилсан хөлдүү цүнх баригч нараа улсын төсвөөр сургах гэх мэтчилэн олон хууль бус, дархалааг сулруулах үйл ажиллагааг явуулж ирсэнийг таслан зогсоох цаг болсон.
Аль болох хийдэлгүй, батлан хамгаалах салбарын дархлааг хангасан, улс төрчдийн уйваагүй үйлдлээс ангид, ЗГ-ын гишүүн, яамны сайдыг генерал цолтой хүн удирдахаар тусгасан, түүнд чиглэсэн, хандсан аюулгүй байдлынхаа үүднээс хуулиар хязгаарлах юм байвал хязгаарласан зөв сайхан хууль гаргах ёстой.
Одоо мөрдөгдөж байгаа хуулиар Төрийн захиргааны удирдлага гэдэг бол зэвсэгт хүчинд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн хэм хэмжээ тогтоох, хэрэгжилтийг хангах, иргэний хяналт тавих ажиллагаа юм. Нэгдүгээрт, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт гэдэг бол төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянадаг. Хоёрдугаарт, УИХ-аас баталсан төсвийг хэрхэн ашиглаж, зарцуулж байгааг хянана.
Гуравдугаарт, зэвсэгт хүчний өндөр албан тушаалтангуудын ёс зүйд иргэний хяналт тавих үүргийг Ерөнхийлөгч, Засгийн газар, Батлан хамгаалахын сайд одоогоор хэрэгжүүлдэг гэсэн үг. Харин цэргийн захиргааны удирдлага нь бэлэн байдал хангах, бодлого төлөвлөх, мэргэжил арга зүйн удирдамжаар хангах, хэрэгжүүлэх, хянах, зохицуулах үйл ажиллагааг явуулдаг. Тэгэхээр энэ хоёр субъект өөр, өөр чиг үүрэгтэй болчихож байгаа юм. Нөгөө талаар Засгийн газар солигдох бүрт улс төрийг дагасан зарим асуудал үүсдэг.
Сайд томилогдоод иртэл түгшүүрийн байдалтай хэн хэн энэ албандаа үлдэх бол би хаашаа шидэгдэх бол гээд тогтворгүй, ажлын бүтээмжгүй үйл явц өрнөж эхлэнэ.Ийм байдал олон удаа давтагдаад ирэхээр иргэдийн батлан хамгаалах салбарт итгэх итгэл, үнэмшил суларч, тэр хэрээр тухайн яамны чиг үүрэг бүхий байгууллагуудаас алдаа хайж, түүгээрээ улс төр хийж оноо цуглуулах байдал газар авч, батлан хамгаалах салбар мэдлэггүй улс төрөөр хооллогч нарын тоглолтын талбар болж ирсэн.
-Үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбарт улстөрчид хамгийн мэдрэмжтэй хандах ёстой байх?
-Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний талаар олон нийтэд буруу ойлголт өгөөд байна гэдэг чинь хамгийн дархлаатай байх үндэсний аюулгүй байдлаа хөндөж байгаа явдал юм. Орчин үед бие даасан, тусгаар тогтносон улсын буюу төрийн хэргийг шийдэх явдлыг улс төр гэж ойлгох нь түгээмэл болсон байна.Үүнтэй зэрэгцээд улс төрөөс ашиг харагч, түүгээр бизнес хийгч, намын хатуу гишүүнчилэл дор ашгийн төлөө эвлэрэн нэгдсэн хэсэг бүлэг нам харгалзахгүй биенээ түшигч нар олноор төрөн гарсан нь Монгол төрийн тэр дундаа батлан хамгаалах салбарын дархлааг сулруулж ирлээ.
Монгол улс орчин үеийн ардчилсан орны хувьд дэлхийн хөгжингүй улс орнуудад нийтлэг хэвшсэн улс төрийн тогтолцооны үндсэн шинжүүдийг тусгасан улс төрийн орчинг бий болгосон. Монгол бол өвөрмөц статустай ерөнхийлөгчийн институт бүхий парламентын бүгд найрамдах улс мөн. Өнөөдөр Монгол улсад буй болсон улс төрийн орчин нь ардчиллын зарчим, үнэт зүйлсийг иш үндэс болгосон улс төрийн тогтолцоо, түүний бүрдэл хэсгүүд болсон төрийн байгуулал, улс төрийн институтууд, иргэний нийгэм, иргэдийн оролцоо бүхий улс төрийн олон талт харилцаанаас бүрдэж байна.
Үндсэн хуульдаа “Өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна” гэж тусгасан явдал нь иргэн бүр батлан хамгаалах үүрэгтэй гэсэн үзэл санаанд тулгуурлаж, улс орны батлан хамгаалах асуудлыг тогтолцоо талаас нь нийгэм, эдийн засгийн, эрх зүйн, улс төрийн, цэргийн чиглэлүүдийг тодорхойлж өгсөн байх шаардлагын үндсэн суурь бааз нь юм.
-Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбар хариуцлагын талаар хууль журамд юу гэж тусгасан байдаг юм бол?
-Монгол Улсын батлан хамгаалах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд улсын дотоод, гадаад аюулгүй байдлын орчин нь батлан хамгаалах зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болно.
Монгол Улсын батлан хамгаалах бодлогын зорилго нь аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнөөс ангид байж, улсыг батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлж, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг баталгаажуулах явдал мөн.
Энэ бодлогын улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн чиглэлийн хэрэгжилтийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагууд чиг үүргийнхээ хүрээнд зохион байгуулна. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах үйл ажиллагааг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
Батлан хамгаалах үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хангах, хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх нэгдмэл удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтын цогц мөн гээд хууль эрх зүйн зохицуулалт нь тодорхой болчихсон.
Үүрэг, хариуцлагын зааг ялгааг маш сайн ойлгож байх ёстой. Тэрийгээ ойлгохгүй эсвэл улстөржүүлбэл Үндэсний аюулгүй байдлын нөхцөл байдалд сөрөгөөр нөлөөлөхүйц аюулд учирах тул парламентын зүгээс ярьж байгаа зүйл нь хуулиа дээдэлсэн, түүнийхээ хүрээнд байх нь чухал юм.
-Гэхдээ улстөрчдөд бол иргэдээс оноо цуглуулах нь чухал юм шиг?
УИХ-ын гишүүдийн хамгийн чухал үүрэг нь улс орноо хөгжүүлэх, нийгмийг тогтвортой байлгах явдал. Тэдний амнаас гарч байгаа улс төрийн тоглолт бүрт нийгэм итгэж, төөрөгдөлд орж байна. Энэ чинь өөрөө ноцтой асуудал. Зэсвэгт хүчин бол улс төрөөс ангид байх ёстой. Дэлхийн түүхэнд цусаар бичигдсэн зарчим байдаг.
Хууль эрх зүй талаасаа зэвсэгт хүчин улс төрөөс ангид байгаа мэт боловч зэвсэгт хүчинд улс төр оруулах, түүнээс санхүү босгох, албан тушаалын нуугдмал намын дэмжигчийг томилох асуудал газар авсаар байна. Түүнийг цаг тухайд нь зогсоох, хориглох ёстой. Улс орныхоо аюулгүй байдалтай холбоотой асуудлыг улстөржүүлж байгаа нь эх орныхоо эсрэг, ард түмнээсээ урвасан асуудал болж хувирахыг анхааруулж байна.
Манай улсын иргэн бүрийн батлан хамгаалах бэлтгэлжилтийг хангах, өсвөр залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлж тэдний эрүүл мэнд, бие бялдарыг хөгжүүлж, тэсвэр хатуужил олгох зорилгоор бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт цэрэг эх оронч үзэл хүмүүжлийн хичээлийг бодлогоор эрх зүйн орчинг бүрдүүлж сургалтын программд суулгах шаардлагатай байна. Манай орон цөөн хүн амтай, жижиг армитай. Бодлого тодорхойлдог дэлхийн томоохон гүрнүүдтэй зэвсэг техникээр өрсөлдөх боломж хэцүү.
Гэхдээ бид ямар нэгэн асуудал гарлаа гэхэд өөрсдийгөө хамгаалах тун чадварлаг хэмжээнд үүргээ гүйцэтгэдэг байх аримтай байх шаардлагатай бөгөөд тулхтай, туршлагатай түрүү үеийнхний нөөц, бололцоог бүрэн дүүрэн ашиглахын зэрэгцээ бэлтгэгдсэн, орчин үеийн, цэргийн хэргийн онол, практикийг эзэмшсэн дараа үеийн албан хаагчдаа зохих түвшинд нь бодлогоор дэмжин сурсан, мэдсэнээ хэрэгжүүлэх боломжийг тэдэнд олгох нь нэн чухал юм. ҮАБЗ , УИХ, Засгийн газар цомхон армиа хүчирхэгжүүлэхэд тодорхой анхаарч зарим арга хэмжээг нэн яаралтай авч ажиллах хэрэгтэй юм.
Ярилцсанд баярлалаа