Эдийн засгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Коронавирусийн халдвар дэлхийд төдийгүй дотоод эдийн засагт сөрөг нөлөөгөө үзүүлж эхэллээ. Тэр тусмаа жижиг бизнес, түрээслэгчдэд хохирч магадгүй байгаа талаар хэд хоногийн өмнө та хөндсөн байсан. Өнөөдөр УИХ-ын дарга Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй нөлөө, эрсдэлийн талаарх мэдээллийг сонсч, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцлээ. Бид энэ цаг үеийг хохирол багатай туулж чадах болов уу?
-Дэлхийн улс орнууд өмнө нь тулгарч байгаагүй эдийн засгийн томоохон эрсдэлтэй нүүр тулж буйгаа ээлж дараалан хүлээн зөвшөөрч байна. Энэ хүндрэлийг бид эвтэй, нэгдэлтэй, нэг нэгэндээ хүлээцтэй хандсан зөөлөн бодлогоор л даван туулж чадна. Би бол банк, санхүүгийн байгууллага, бизнесмэнүүд, түрээслэгчдийг дан ганц төрийн шийдвэр, Засгийн газрын шийдвэрийг хүлээх биш, өөрсдөө санаачлаад зээлийн хүү бууруулж, түрээсийн үнийг багасгаж, эх орноо, ард иргэдээ бодсон ухаалаг шийдвэр гаргаасай гэж хүссэн.
Харин өнөөдөр УИХ-ын дарга Коронавирусийн халдварыг даган үүссэн эдийн засгийн хүндрэлээс гарах ажлыг Монголбанкинд даалгаж, бодлогын хүүг бууруулах арга хэмжээ авах чиглэлийг өглөө. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх талаар ойрын хугацаанд арга хэмжээ авахыг даалгалаа. Энэ бол цаг алдалгүй гарч байгаа маш зөв шийдвэр.
Хэрвээ эдийн засаг, санхүүгийн гол салбарууд энэ ажлыг хийхгүй бол төр хийх нь тодорхой шүү дээ. Харсаар байгаад эдийн засгаа унагаж болохгүй учраас УИХ-ын даргын шийдвэрийг дэмжиж байна.
-Хил гааль хаагдлаа, экспорт тэр тусмаа урд хөршөөс хамааралтай импорт зогссон. Энэ нь хүнсний хангамж, нөөцөд нөлөөлөх үү. Өвчний тархалт буурахгүй бол хорио цээр цааш үргэлжилнэ гэсэн үг. Дагаад ямар нэгэн эрсдэл үүсэх вий гэсэн болгоомжлол ч бас байна?
-Яг хүнсний бүтээгдэхүүн дээр яривал бид гурил, төмсөө дотоодоосоо 100 хувь хангаж байна. Энэ тал дээр айлтгүй. Мах бол монголчуудын үндсэн хүнс, дотоод нөөц бололцооны талаар санаа зовох асуудал бага. Үндсэн хүнс нь хараат биш байгаа тохиолдолд манайхан бусад нэмэлт хүнсний бүтээгдэхүүний бага сага хомсдлыг тэсвэрлээд, даван туулж чадах ард түмэн.
Харин бид энэ цаг үеийг дагаад жимс жимсгэнэ боловсруулах, сүү сүүн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх гэх мэт ЖДҮ-ээ хөгжүүлээд, дэмжээд явчихвал сайн байна. Ганцхан энэ төрлөөр ч биш бусад бүх төрлийн жижиг бизнесээ дэмжээд явчихвал дотоодын хэрэгцээгээ хангачихаж чадах түүхий эдийн нөөц бол Монголд байгаа. Гол нь үйлдвэрлэгчдээ сайн бодлогоор дэмжих нь чухал.
Санаж байна уу, АНУ 2014 онд Орост эдийн засгийн томоохон хориг тавьж байсан шүү дээ. Тэр үед ОХУ-ын Ерөнхийлөгч “ОХУ-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай” тогтоол батлаад дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжээд явчихсан.
Тэрнээс хойш 2018 он гэхэд ОХУ-ын хүнсний үйлдвэрлэл, тахиа, гахай, загасны аж ахуй, хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн 30 хувь нэмэгдэж, эдийн засаг нь сэргээд эхэлсэн. Сайн бодлого гаргаж чадах юм бол манай эдийн засаг ч үүн шиг сэргээд л ирнэ. Зарим нэг саад цоо шинэ боломжийг авчирдаг гэдгийг хойд хөрш бол өөрсдийнхөө жишээн дээр харуулчихсан. Бидэнд ч бас ийм боломж бий.
-Засгийн газар халдвартай тэмцэх ажлыг боломжийн хэмжээнд хийж байгаа. Иргэдийн эрүүл мэндээ хамгаалах ухамсар ч дээшилж байх шиг байна. Гэхдээ энэ бол тайвширах шалтгаан бас биш байх гэж бодож байна?
-Засгийн газар цаг алдалгүй зоригтой, шийдэмгий шийдвэрүүдийг гаргаж байгаа. Аль болохоор л ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалж, түгшүүртэй цаг үеийг хохирол багатай даван туулах гарцыг эрэлхийлэн, амжилттай ажиллаж байна.
Манай иргэд вирусийн тархалтын мэдээг соргог хүлээн авч, шийдвэрийг даган хэрэгжүүлж байгааг хараад баярлаж байна. Халдвар тархсан улс орнуудын хүн амын дунд үүсч буй хүндрэлтэй харьцуулахад монголчууд цаг үедээ маш хурдан дасан зохицож байна. Зовлон бэрхшээлийг сөрөн зогсдог, хүнд хэцүү үед нэгдэж чаддаг монголчуудын яс, цусанд байдаг нэгдэл эндээс ажиглагдаж байгаа. Бид бас өөр ард түмэн юм байна гэдгээ бас дэлхийд харуулж чадаж байгаад баярлаж байна даа. Гэхдээ мэдээж энэ бол тайвширах шалтгаан биш. Вирусийн нөхцөл байдал бүрэн судлагдаагүй, тархалт хүрээгээ тэлсээр байгаа. Бид илүү хичээх ёстой.
Л.ДОРЖ