Эх сурвалж: Э.Батцэцэг: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
- COVID-19-өөр дэлхийн хүн амын 70 хүртэлх хувь халдварлаж, олон арван сая хүн нас барах таамгийг Харвардын профессор Марк Липситч дэвшүүлэв
- Уханы сүмийн итгэгч 86 настай хятад иргэний “Сүнс аврагчийг би биедээ тарьж ургуулаад аль болох олон хүний амиар эзэндээ бэлэг барих болно” гэсэн бичээс олдсон
Өчигдрийн байдлаар COVID-19 вирус дэлхийн 72 улсад бүртгэгдэж, өвчлөгсдийн тоо 93 мянгыг давж, 3200 гаруй хүн нас бараад байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд Женевт ДЭМБ-ын хурлаар онц байдал зарлах үед халдвар авсан 9480, нас барсан 213 тохиолдол байсан юм. ДЭМБ-аас улс орнуудын эрүүл мэндийн сайд нартай онлайн хурал хийсэн сүүлийн зөвлөгөөний үеэр анхаарал татсан олон асуудал хэлэлцүүлснийг бид өнөөдрийг хүртэл олж мэдээгүй явна. Энэ тухай ЭМЯ-ны мэдээлэлд ч огт дурдсангүй.
Яамны мэдээллийн шууд дамжуулалтыг эхний үед хэдэн мянгаараа үздэг байсан бол одоо хандиваас өөр зүйл ярихаа больж, хандалтын тоо ч зууд хүрэхгүй эргэлдэх болов. Гэтэл олон улсын эрдэмтэд судалгааны ажлын үр дүнгээсээ хуваалцаж, шинэ вирусийн үүсэл, шинж чанар, тархах болон устах хэлбэрүүдийн талаар таамаг дэвшүүлсээр байна. Харвардын их сургуулийн Халдварт өвчин, тахал судлалын төвийн захирал, профессор Марк Липситч судалгаандаа үндэслэн, дэлхийн хүн амын 70 хүртэлх хувь нь шинэ коронавирусийн халдвар авна гэх таамаг дэвшүүлжээ.
Халдварласан хүмүүст SARS-ийн үед ашиглаж байсан CoV2 эмчилгээ үр дүнгээ өгч байгаа ба эдгэхгүй, үхэлд хүргэж буй хэсэг нь мутацлагдсан вирусээр өвдсөнтэй холбон тайлбарлаж байна. Коронавирусийн биетэд бус, харин дээр нь ургасан титэм хэлбэрийн өргөсөөс шинж чанарын өөрчлөлт тодорхойлогддог аж. Уг өргөс хэр олон байна, эсвэл мутацад орсон эсэхээс хамаарч тархалтыг тайлбарлаж болно гэжээ. Мөн энэхүү өргөс S уургаар тэжээгддэг тул автоиммуний өвчтэй хүмүүст шууд халдварлаж, өвчлүүлдэг ба нас барагсдын 90 хувь нь автоиммуний төрлийн өвчтэй байсан аж.
Автоиммуний өвчин гэдэг нь дархлааны системтэй холбоотой бөгөөд амин дэм, антибиотик хэтрүүлэх, биеийн баланс алдагдах үед голдуу үүсдэг 80 төрлийн өвчнийг хэлдэг аж. Сүүлд ДЭМБ-ын энэхүү жагсаалтад чихрийн шижинг нэмж бүртгэсэн. COVID-19 вирус хүүхдэд халдварлах нь тун ховор байгааг дархлаагаа “эвдэж” амжаагүй өсөж буй биетэй нь холбон тайлбарлаж байна. Профессор Марк Липситч “40-70 хувь гэдэг нь халдвар авах боломжтой хүмүүсийн тоо юм.
Зарим халдвар авсан хүнээс ямар ч шинж тэмдэг илэрдэггүйг бид мэднэ. Харин ийм хүн хэчнээн байгааг мэдэхгүй учраас дэлхийн хүн амын тал хувь нь халдвар авах боломжтой гэж тооцоолоход гэмгүй. Халдвар авсан хүмүүсийн 0.5-1 хувь нь амиа алдах эрсдэлтэй нь илэрхий байна. Тиймээс хамгийн муугаар бодоход олон арван сая хүн амиа алдах аюултай” гэж The Atlantic сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Бидний хэлдгээр биеийн эсэргүүцэл сайн байх нь сүү исэлдүүлэхэд үүсдэг мөөнгөнцөр буюу ашигтай бактери тээдэг монгол геньтэй холбоотой гэх санааг судлаач И.Цэрэнхүү дэвшүүлжээ.
Бэлчээрийн малын сүүгээр хийсэн цагаан идээ, ундаа хэрэглэдэг, удмын ийм дархлаатай төрдөг монгол хүн коронавирусийн “супер тээгч” байх үндэслэлийг тэрбээр дэвшүүлсэн юм. Олон улсын эрдэмтэд ч үүнийг судалж эхлээд байгаа аж. COVID-19-ийн голомтод байгаа өвөрмонголчууд өвдөөгүйг энэхүү ашигтай бактеритай холбон тайлбарлаж болох юм. ДЭМБ-ын энэхүү зөвлөгөөний үеэр шашны гаж урсгалуудаас эхтэй гэх санааг дэвшүүлсэн профессор Л.Элизабетийн илтгэл мөн анхаарал татна.
2019 оны 11 дүгээр сарын 3-нд үл таних вирус цусанд нь илэрсэн Уханийн сүмийн итгэгч 86 настай хятад иргэний “Сүнс аврагчийг би биедээ тарьж ургуулаад аль болох олон хүний амиар эзэндээ бэлэг барих болно” гэсэн бичээс олдсон тухай тэрбээр дурджээ. Мөн уг зөвлөгөөнөөс COVID-19 бол ямар нэгэн улс төрийн бодлогоор АНУ, эсвэл Хятадад бүтээсэн зүйл биш, цэвэр эрүүл мэндийн асуудал гэдэгт санал нэгдсэн юм.
4 comments
Монгол хүн үлдээд бусад нь мажийна гэсэнтэй бараг адилхан таамаг дэвшүүлчихсэн байна.Энэнд итгэгчид үхэхдээ үхэр буугаа гэж монголчуудыг устгана гэвэл яах вэ.Эрдэмтэн хүн юм бол юмны наад цаад учрыг бодож үзэхээ яадаг байна аа.
аль хэзээний нэг монгол солонгост корона тусаад нас барсан байгаа
Ийм сурталчилгаанд ухаалаг болгоомжтой хандацгаана шvv монголчуудаа!!! Бидний Монголчуудын уламжлалт Цагаан идээ.Буянт мал сvрэг. Цэвэр газрын vр тариа будаа. Агаар салхи.Эрс тэс 4 улирал. Газар нутгийн онцлог.Монгол хvний биеийн дархлаа хэдийн сайн ч хариуцлагатай эв нэгдэлтэй эх оронч сахилга баттай байж л хэлж ирдэгvй хийсч ирдэг овчноос сэргийлнэ. Энэ тахал хэлээд тойроод л байгаа энэ vед бvx нийтээрээ хариуцлагатай байцгаая.ЭМЯ.УОК. зэрэг байгууллагууд Маш сайн ажиллаж байна.Энэ эрчээ сулруулж болохгvй.
Хятад, япон, солонгос чинь ер нь бол наслалт өндөртэй эрүүл ард түмэн шүү дээ. харин манайхан бол суурь өвчингүй хүн гэж ховор, наад зах нь бөөр нь өвддөггүй хүнийг олоод ир гэхэд хэцүүхэн шүү дээ. Тиймээс илүү их сэрэмжтэй анхаарах нь зөв байх аа.