Швейцарь Улсын Лозанна хотноо болсон Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Саид Моллайгийн талаар хэлэлцэж, түүнийг Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахыг зөвшөөрсөн байна.
Моллай өнгөрсөн жилийн ДАШТ-ий дараа өөрийн Иран улсаасаа тусгаарлагдаж, Германаас улс төрийн орогнол хүссэн юм. Гэвч тэр манай улсын иргэн болж, Монгол Улсын нэр дээр тэмцээн уралдаанд оролцохоор болсон билээ.
Гэвч Ираны Үндэсний олимпийн хорооноос түүнийг Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах ёсгүй, иргэншлээ сольж, гадаадын улсын нэр дээр барилдахад гурван жил шаардагддаг хэмээн Спортын арбитрын шүүхэд хандаад байв. Гэсэн хэдий ч ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс “Саид Моллай Монголын нэрийн өмнөөс олимпод оролцож болно. Ираны ҮОХ-ноос зөвшөөрөл авах шаардлагагүй” гэж мэдэгджээ.