Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.
Эх сурвалж: Ц.Баасансүрэн: ӨДРИЙН СОНИН
-COVID-19 эдийн засагт сөргөөр нөлөөлөөд эхэлчихлээ, Засгийн газрын өнгөрсөн долоо хоногт гаргасан шийдвэрүүд энэ сөрөг нөлөөллийг багасгах болов уу?
-Юуны өмнө Эх орончдын өдөр ярилцаж байгаагийнх намын даргадаа баяр хүргэчихье. Намынхаа 99 жилийн ойн баярыг тэмдэглэхээс гадна У.Хүрэлсүхийн Засгийн газрын өмнө түүхэн шийдвэр гаргах цаг ирчихлээ л дээ. Ерэн оноос хойш гэхэд л эдийн засгийн дөрөв, таван хямрал боллоо. Дэлхий даяар тархсан тахлаас үүдэлтэй нь энэ удаагийн хямралын онцлог. Олон улсын бүх л хөрөнгийн бирж дээр уналт болж байна. Дэлхийд үүссэн энэ шокоос гарах нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын том асуудал. Сүүлд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр хэтэрхий жулдсан зүйл боллоо. Ядаж л гаргасан шийдвэрээ зөв тайлбарламаар байгаа юм. Азаар гэх үү, жилийн өмнө гуравдугаар сарын 18-нд ээлжит бус чуулганаар Татварын багц хууль батлагдсан. Тэр хуулиар нийт компанийн 92 хувьд нь нэг том өөрчлөлт хийсэн. Арван хувь төлж байсан татварыг нь нэг хувь болгосон. Журам нь батлагдсан байвал хялбаршуулсан татварын систем үйлчлээд эхэлчихсэн. Бараг сая гаруй хүнийг ажлын байртай аж төрүүлдэг жижиг дундуудын татвар арав дахин багассан гэсэн үг. Тийм учраас татвар талаас айх юм байхгүй. Харин улсын төсөв бүрдүүлэлтийн асуудал хүндэрнэ. Ийм шалтгаанаар Монгол Улын Ерөнхийлөгч урд хөршид айлчилсан байх. Уул уурхайн компаниудын худалдан авагч талтай очиж ярих шиг боллоо. Хоёрдугаарт, Хятадад төлөх своп хэлцлээ ярьсан болов уу. Энэ бол улстөрчдийн хийх ёстой ажил.
-Өнгөрсөн долоо хоногт Засгаас гаргасан шийдвэр жулдсан гэж та хэллээ. Яагаад тэгж хэлэх болов. Засгаас ямар шийдвэр гаргах эрэлт, шаардлага байна?
-Микро эдийн засагт бий болж буй процессийг макро эдийн засгийн бодлого барьдаг хүмүүс ойлгохгүй яваа юм шиг шийдвэр гараад байна. 160 гаруй мянган аж ахуйн нэгж агшилтын байдалтай яваа. Улаанбаатар дахь нийт бизнесийн 68 хувь нь үйлчилгээнийх. Түрээс чөлөөлөх энэ тэр бол хэтэрхий жижиг асуудал. Монголбанк сая гэхэд л ямар ч шийдвэр гаргасангүй.
-Монголбанк ямар шийдвэр гаргах ёстой вэ?
-Төв банк 11 байгаа бодлогын хүүгээ таван хувь руу буулгах хэрэгтэй. 2012-2016 оны хямралын үед банкийг аврах уу, барилгын салбараа аврах уу гэдэг процесс л өрнөсөн. Банкуудад маш их бололцоо өгч, авраад үлдсэн. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засаг дажгүй байх үед банкууд Монголбанкны үнэт цаасыг худалдаж авах нэрийн дор, тухайн бондны мөнгөний хүүний зөрүүнд нь буюу нийт хүүнд төлөх ёстой мөнгөнийхөө дунджаар 11 хувийг төлж байна. Тэрнийхээ бараг арвыг нь Монголбанкаар дамжуулаад татвар төлөгч бидний мөнгөөр төлүүлж байгаа. Найман их наядын хадгаламжийн таван их наяд нь Монголбанкны үнэт цаасыг авах гэсэн шошготой яваа. Тийм учраас төв банк бодлогын хүүгээ тав руу буулгах ёстой. Та ажиглаарай, төв банк эдийн засаг дажгүй үед ч бодлогын хүүгээ 0.5 хувиар ч буулгахгүй байгаа.
-Төв банк бодлогын хүүгээ буулгахгүй яваагийн цаад шалтгаан нь юу юм бол?
-Цаана нь арилжааны банкуудын асар том эрх ашиг яваа учраас тэр.
-Мөнгө хэвлэлээ гэсэн шүүмжлэл бий. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё…?
-Уг нь төв банк яаж ийгээд мөнгө хэвлэхгүй байх хэрэгтэй. Сая өрнөсөн нэг өрөвдөлтэй зүйл гэвэл мөнгөний бодлого дээр тоглодог гол банкууд тэтгэврийн зээлийн 730 тэрбумыг Хөгжлийн банкны бондыг худалдаж авах нэртэйгээр шийдэж байна л даа. Хөгжлийн банк гэж юу байхав, яг үнэндээ мөнгө хэвлээд тараачихсан л даа. Хамгийн эрсдэлтэй нь яг хэчнээн хувийн хүүтэй бонд гэдэг нь тодорхойгүй. Хүүг нь зарлахгүй байна. Ер нь тэтгэврийн зээлээс хамгийн их ашиг хүртэж суугаа нь банкууд. Эргэлзээтэй байсан бүх зээлээ төрөөр төлүүлчихлээ. Макро том тоон дээр тоглодог бизнест улс төр, зах зээлийн шугамаар харилцаж оролцож яваа тоглогчид яг ийм хүнд үед суйлах бодлого явуулаад байна. Зүй нь хамтдаа хохирол багатай гарахад анхаарах ёстой л доо.
Монголбанк маш том өртэй. 2.7 их наядаар яригдах өр бий. Тэр өрөнд нь засгийн өр орчихоод яваа.
-Та Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнийхээ хувиар төв банкинд асуудал тавих уу?
-Хяналтын зөвлөлийн даргад асуудал тавина. 730 тэрбумын зээлийг тэглэхэд хэдэн хувийн хүүтэйгээр юу барьцаалсныг асууна. Хавар мөнгө дутагдах нь тодорхой. Дутагдсан мөнгөө нөхөх зорилгоор төгрөг хэвлэвэл 2016 оныг давтана шүү гэдгийг сануулна. 2016 онд Монголбанк Засгийн газар, УИХ-тай нийлж байгаад 600 тэрбум төгрөг хэвлэсэн. Тэр нь өнөөдөр төв банкны өр болчихсон яваа. Засгийн газраас авах авлага гээд. Өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газраас нэг ч төгрөг авч чадаагүй. Үүнтэй барьцаж байгаа юм шиг дахиад нэг их наядыг ч юм уу хэвлээд тараавал дараа нь учрах эрсдэл нь хэцүү. Сөрөг нөлөө нь наадмаас хойш мэдрэгдэнэ. У.Хүрэлсүхийн хоёр дахь Засгийн газар гарч ирвэл үйл лайг нь өөрсдөө үүрнэ гэсэн үг. 1996 онд яг ийм үйл явдал болсон. 1992-1996 онд П.Жасрай гуай Ерөнхий сайд байсан. Өмнө нь Д.Бямбасүрэн гуай засаг толгойлохдоо иргэддээ эдийн засгийн эрх чөлөөг нь өгсөн юм. П.Жасрай гуайн засгийн үед хувь хүн, аж ахуйн нэгжийн төлдөг татвар 40 хувь байсан. Тухайн үед социализмаас улбаатай 180 гаруй аж ахуйн нэгж байлаа. Тэр өндөр татвараас болж хаалгаа барихад бэлэн байсан л даа. Ташраараа ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, хөрөнгө оруулалтгүй болчихсон цаг. Тийм үед М.Энхсайхан Ерөнхий сайд болонгуутаа маш хүнд реформ хийсэн. Тэрнийхээ шанд орон нутгийн сонгуульд унасан. М.Энхсайханы хийсэн реформ дампуурлынхаа ирмэгт ирсэн 1800 гаруй компаниудыг аварсан. Бүгдийг нь хувьчилж аварсан. Тэгсний хүчинд амьд гарсан юм. М.Энхсайханы Засгийн газар орон сууцыг хувьчилсан. Ийм шийдвэр гаргасан мөртлөө сонгуулиар унаж байсан түүх өнгөрсөнд бий. Ард түмэнд орон сууцыг нь үнэгүй өгөхөд л сонгуульд унадаг. Тэгэхээр тэтгэвэр тэглээд сонгуульд ялна гэсэн гэнэн хандлагаа хаях хэрэгтэй.
-Та өмнөх ярилцлагадаа эдийн засгийн хямралыг давж гарсан Ерөнхий сайд нарыг урьж баг болоод ажиллах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг энэ засгийн тэргүүнд дайж байсан. Хямралыг амжилттай давсан эхний Ерөнхий сайд М.Энхсайхан юм байна. Дараагийнх нь хэн бэ?
-Энэ удаагийнх 1990 оноос хойшоо тав дахь хямрал. Дөрвөн том хямралыг давж гарсан Ерөнхий сайд нарын зөвлөгөө хэрэгтэй. Улс төр, эдийн засаг, мөнгөний бодлогын шалтгаантай алдаанууд байсан л даа, өмнөх хямралууд. Цэвэр эдийн засаг талдаа шийдэж болохоор байсан. Хамгийн гол нь хямралаас гарах бололцоо нь байсан юм. Харин энэ удаагийнх огт өөр. Дэлхий даяар бүх бодлого өөрчлөгдөнө.
Тийм учраас жижиг, томгүй бүгд хохирно. Гэхдээ аль болох бага хохиролтой давах хэрэгтэй. М.Энхсайханы дараа нэрлэх Ерөнхий сайд бол Сү.Батболд. Ерөнхий сайд болохдоо хасах нэгтэй эдийн засаг хүлээж аваад 17 болгож өсгөсөн. Тухайн үед хийсэн алхмуудын ололттойг нь ашиглах хэрэгтэй. Ч.Сайханбилэгийг ч уримаар байгаа юм. С.Баярцогт шийдвэрийг маш сайн гаргадаг. Учир нь ийм үед мөнгөний бодлого, төсөв, санхүү талаасаа макро түвшинд бодлого гаргах хэдхэн хүн бий. Бүр нэрэлхээд байвал Д.Бямбаүрэн гуайтай уулзах хэрэгтэй.
-Сангийн яамны мэргэжилтнүүдэд гарц гаргалгаа байгаа байлгүй дээ…?
-Олон улсын хөрөнгийн биржүүд дээр улаан гэрэл ассан ийм үед манайхан унаад л босдог юм гэсэн сэтгэлгээ хандлагаасаа татгалзах хэрэгтэй. Сангийн яамны мэргэжилтэн залуус практикийн хувьд тэг. Гадны сургууль төгссөн, макро эдийн засгийн хэдэн параметр цээжилсэн хүмүүс. Зуун жилд нэг удаа болдог ийм агшилтын үед энэ залуусын туршлага, мэдлэг дутна. Өмнөх хямралуудыг даваад гарсан Ерөнхий сайд, эдийн засагчдыг хүний өөрийнгүй цуглуул гэж зөвлөөд байгаа минь ийм учиртай. Ийм хүмүүсээс бүрдсэн онцгой комисс байгуулах хэрэгтэй.
-Засгийн газраас яг ямар шийдвэр гаргах ёстой гэж та харж байна вэ?
-Төсөвт тодотгол хийх хэрэгтэй. Гэтэл Сангийн сайд хийхгүй гээд байна л даа. Эрүүл мэндийн сайд тахалтай тэмцэж байгаа. Сангийн сайдын өнцгөөс харахаар тахал биш ч юм шиг. Төсөв бүрдүүлдэг орлогын эх сурвалжууд чинь зогсчихлоо гэж Сангийн сайдад хэлмээр байна. Татвар бүрдэхгүй бол мөнгө хэвлэхээс аргагүйд хүрнэ. Мөнгө хэвлэвэл ирэх намар энэ алхмынхаа пянг дийлэхгүй. Яг нарийндаа Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар төсөвт дуслын төдий ч нэмэр болдоггүй юмнууд дээр хөнгөлөлт чөлөөлөлт өгч байгаа анзаарагдсан.
-Жижиг, дундууд руу чиглэсэн ямар бодлого хэрэгтэй байна?
-Уг нь жилийн өмнө батлагдсан татварын бодлого жижиг дундууд руу чиглэсэн байгаа. Журам нь хатуу байна. Хуулийн зарим хатуу заалтыг зөөллөх хэрэгтэй. Өнгөрсөн жилийнх нь тайланг хараад 50 сая төгрөгөөс доош орлоготой бол шууд хялбаршуулсан руу оруулчихмаар байгаа юм. 300 саяас доош орлоготой бол нэг хувь руу автоматаар оруулаад явчих ёстой. Бюрократ хүндрэлийг хууль батлахдаа хийчихсэн байгаа. Уг нь хуулийн философи анхнаасаа тийм байгаагүй. Хуулийн энэ мэт хатуу заалтуудыг журмаар зөөллөөд явахаас аргагүй.
-Засгийн газар хэмнэлтийн горим руу орох хэрэгтэй байх…?
-Тэгэхээс аргагүй. Тэгэхийн тулд яамд яг ямар хэмнэлт хийх талаараа жагсаалт гаргах хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийн урд хөршид хийсэн айлчлалын талаар та түрүүн цухас дурдсан. Эдийн засгийн хувьд хэр өгөөжтэй айлчлал болов?
-Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн бэлгэдэл, улсаа төлөөлөх ганц субьект. Тэр утгаараа ажлаа хийлээ. 30 мянган хонийг Засгийн нөөцөөс өгөх байсан болов уу. Гэтэл Монголын ард түмний сайхан сэтгэлээр бүр аян эхэлчихлээ. Хамгийн анх 108 хонь хандивласан хүн гэхэд л Гомбо-Очир гэдэг малчин. Төв аймгийн Эрдэнэсантын хүн. Тэр хүнтэй уулзаж суухад “Малчид бид өөрсдөөсөө дутааж өгч бусдад тусалдаг. Илүүдэл бараагаа өгч сайн хүн болдоггүй” гэж ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Хүнд хэцүү үед мал, малчин хоёр л улсаа авч гарна гэж ярьдаг даа. Яг энэ цагт утгаараа мэдрэгдэж байна. Ийм том давлагаа үүсэхэд бараг Ерөнхийлөгч өөрөө гайхсан байх шүү. Нөгөө талаас үүнийг улс төр болгох гэсэн улс ч анзаарагдаж байна. Намын хонь ч гэж юу байхав. “Эртний сайхан” дуунд ард түмнээ “Тэнгэр мэт заяатай, Тэгш таван оюунтай, Тэнүүн уужим зарлигтай, Тэнгэрийн минь үр сад билээ” гэж магтсан байдаг. Монголын ард түмэн хүнд хүчир цагт засаг төрдөө түшиг тулгуур болсоор ирсэн учраас ингэж бичсэн хэрэг. Малчин түмний сайхан сэтгэл яг одоо гарч ирж байна.
-COVID-19 эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар СЭЗИС-ийн доктор гаргасан харагдсан. Та энэ чигээр судалгаа хийнэ гэж байсан. Дүгнэлтээ гаргасан уу?
-СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, Ц.Батсүх докторын нөлөөллийн судалгаа гарсан байна лээ. Эконометрикс хүн л дээ. Математикч, эдийн засагч хүн байгаа юм. Хэрвээ үйлчилгээний салбарын орлого тэг, уул уурхайн орлого тэг болох үед ямар өөрчлөлт гарах талаар судалж тооцсон харагдсан. Би тантай өмнө нь ярилцахдаа худалдаж авсан маш үнэтэй программ. Тэр программ дээр маш эрсдэлтэй өгөгдлүүд өгч байгаад ажиллуулах хэрэгтэй. Хоёрдугаар сарын статистик дүн ойрын үед гарах байх. Хэрвээ бодит үнэнийг гаргаж тавибал нүд халтирмаар тоо гарна. Хоёр, гуравдугаар сар хасахтай гарвал төсвийн тогтвортой байдлын хуулиар өөрчлөлт хийх нөхцөл бүрдэх юм. Гэхдээ төсвийн тогтвортой байдлын хууль энх цагийн хууль. Элдэв эрсдэл байхгүй аж төрж явсан үеийн хууль. Одоо бол онцгой үе. Ийм үед онцгой шийдвэр гаргахаас аргагүй. Ер нь дахиад бүх юм шинээр эхлэх байх. Өөрөөр хэлбэл бүгдийг restart хийж байна. Барууныхан гэхэд л форматлах хэлбэр рүү орчихсон. Нүүрс худалдан авагчтайгаа сая тохироод ирлээ гэж ойлгож байгаа. Тэрэн шиг жижиг худалдан авагчдаа анхаарах хэрэгтэй. Жижиг худалдан авагч гэдэг нь иргэд. Иргэдийнхээ цалинг таслалгүй, багасгалгүй өгч л байх юм бол эдийн засгийн эргэлтээ нөхөөд байна. Цалингаа тавьж хүчрэхгүйд хүрвэл тарчиг байдал руу орно.
-Одоо найдах ганц зүйл нь алт болоод байна. Алтны олборлолтоо нэмж чадвал хямралыг дажгүй давчих боломж бий гэдэгтээ та санал нийлэх үү?
-Санал нийлнэ. Найдах зүйл алт гэдэг нь үнэн. Алтны хувьд ашиглаж болох үндсэн ордууд бий. Ой дотор ч гэсэн хамаа алга, дажгүй нөөцтэй орд байгаа л бол ашиглах хэрэгтэй.
-Ашиглаж болохоор алтны үндсэн орд гэдгээ тодруулаач?
-Жишээ нь Зүүнхараад нэг орд бий. Дархан цаазтай газарт оруулна гээд, орон нутгийнхан нь татгалзаад байгаа. Ноён уулнаас нэлээд зайтай оршдог тэр орд гэхэд л 14 тонн алтны нөөцтэй. 14 тонн алт гэдэг бол тэрбум ам.доллар. Цахилгаан орчихвол шууд ашиглаж болохоор орд. Бас нэг орд бий, говьд. 2008 оны сүүлээр С.Баяр гуайн Засгийн газар ашиглах гэж оролдсон юм. 124 тонн алтны нөөцтэй. Дархан цаазтай газраас гаргаад олборлолт эхлүүлье гэж үзсэн ч тухайн үед УИХ зөвшөөрөөгүй. Энэ мэтчилэн хэд хэдэн орд бий.