Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өчигдөр болж, 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хотын захирагч С.Батболдын танилцуулснаар хэлэлцэв. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Х.Мөнхчулуун “Өнгөрсөн дөрвөн жил сүүлийн 27 жилийн түүхэн дэх хамгийн их хөрөнгө мөнгөтэй байсан. Бас хамгийн их өр зээл тавьжээ.
Хотын өмнөх удирдлагууд төсвийн мөнгийг зориулалтын бусаар, үр ашиггүй, үрэлгэн зарцуулсан. Айл өрхөд тараасан хогны ногоон уутанд 2013, 2014 онд 5.7 тэрбум, нэг наст ургамал тарихад 2013, 2014 онд нийт 850 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулсан. Мөн хөрөнгө оруулалтын данснаас ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 500, Засаг даргын нөөц сангаас урамшуулал, нийгмийн асуудал шийдвэрлэх, гадаад албан томилолт зэрэгт 948 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан зэргийг аудитаар тогтоосон” гэв.
Мөн 2013-2016 онд хотын дарга Э.Бат-Үүлийн баг 3.1 их наяд төгрөг зарцуулсан байна. Гэтэл 2000-2012 оны хооронд буюу 12 жилийн хугацаанд Улаанбаатар хотын удирдлагууд 665.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Нийслэлийн аудитын байгууллага санхүү, төсвийн энэ ноцтой зөрчлийг нарийвчлан гаргаж, дүгнэлтээ хотын удирдлагын шинэ багт хүргүүлсэн юм байна. Төсөв хөрөнгийг үрэлгэн зарцуулсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг ч иргэдийн хурлын зарим төлөөлөгч онцлов.
Эх сурвалж: unuudur.mn