Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны А/15 дугаар тушаалаар “Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн жагсаалт болон журам”-ыг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагджээ.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл бүхий нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нь “Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, хяналт тавих журам”, “Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн жагсаалт”-ыг шинэчлэн боловсруулж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн баталсан байна.
Шинэчлэн баталсан журам, жагсаалтаар Эрүүл мэндийн байгууллагад олгох эмнэлгийн хэрэгслийн Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаар болон даатгуулагчийн төлөх төлбөрийн хэмжээг тогтоож өгчээ.
Мөн одоогийн мөрдөгдөж байгаа 18 бүлгийн 484 хэрэгслийн жагсаалтыг бүлгээр бус хэрэгсэл тус бүрээр байхаар, зарим хэрэгсэл, хиймэл цорго, протез, ортопедийн хэрэгслийн нэршлийг өөрчлөх, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарыг нэмэгдүүлсэн зэрэг өөрчлөлтүүдийг хийсэн ба олон улсын өвчний код (ICD-10), үйлдлийн олон улсын ангилал (ICD-9)-ын нэмэлт, өөрчлөлтийг оруулж, эрүүл мэндийн салбарт шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхтэй холбоотой шинэ эмнэлгийн хэрэгсэлийг жагсаалтад оруулсан байна.
Энэхүү тогтоолыг баталснаар өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээг үзүүлэхээр 2018 оны сонгон шалгаруулалтад тэнцсэн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсөвт багтаан тус тусламж, үйлчилгээг үзүүлэх бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд нь мэс заслын үед хэрэглэгдэх шаардлагатай хэрэгслээ сонгон худалдан авах боломжтой юм.
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай хэрэгслийн жагсаалтад шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлснээр даатгуулагчийг эрүүл мэндийн улмаас үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах, тэдний эрүүл мэндийн даатгалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, гадаад улс оронруу чиглэсэн эрүүл мэндийн зардлын урсгал багасах зэрэг нийгэм, эдийн засгийн олон эерэг үр дагавар гарна гэж үзэж байна.
Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэнээс хойш ажлын 7 хоногийн дараах өдрөөс эхлэн мөрдөж эхлэх аж.
Н.БАТАА