Эх сурвалж: Ч.Үл-Олдох, Зууны мэдээ
“Их Бага Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Бортой ярилцлаа.
-Гурвансайхан ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь ураны лицензийг цуцлуулах танай ТББ-ын нэхэмжлэлтэй шүүх хурал Цагаан сарын өмнө болсон. Ямар шийдвэр гарсан бэ?
-Хүмүүст ойлгомжтой байх үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хэлэх нь зүйтэй болов уу. Манай ТББ-аас ННФ-ын төслийн хүрээнд Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах стратегийн өмгөөлөл хийж, Гурвансайхан компанид Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын нутгийг дамнасан Өлзийт талбайн 10665.2219 га-д 30 жилийн хугацаатай МҮ-20634 тоот ашиглалтын зөвшөөрлийг олгосон АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсөн юм. Шүүх хурал гурав дахь жилдээ үргэлжилж байна.
Ураны энэ зөвшөөрөл нь Монгол Улсын эрх ашигт ноцтой хохирол учруулах эрхзүйн үр дагавар үүсгэх, Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн холбогдох олон зүйл заалтыг зөрчсөн. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ хэргийн утга агуулга, учирч болзошгүй эрсдэл, хор нөлөөг өргөн цар хүрээнд ойлгож шийдвэрлэж чадалгүй өдий хүрсэн.
Тодруулбал, Цөмийн энергийн тухай хуулийн 33 заалтыг зөрчиж уран ашиглах тусгай зөвшөөрлийг тус компанид олгосон байна. Эдгээр 33 заалтын зөвхөн нэг нь л гэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2010 онд дуусч, хүчингүй болох байтал Ашигт малтмалын газар нь УИХ-аас давсан эрхээр хайгуулын хугацааг 14 жилээр сунгаж, уран ашиглах тусгай зөвшөөрлийг 2016 онд олгосон байгаа юм. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг 20 жилээр олгохыг хуульд заасан байхад 30 жилээр олгосон. Энэ 30 жилийн алдаатай хугацаагаар “орд ашиглах” гэрээг хийж бас л хууль зөрчсөн. Монголын Засгийн газар үнэ төлбөргүй хувьцааны 34 хувийг эзэмших хуулийг зөрчөөд 15 -хан хувийг эзэмших гэрээ хийгдсэн гээд алхам тутамдаа хууль зөрчсөн байдаг.
Энэ гэрээгээр уран ашиглах эрсдэлийг Монголын тал 100 хувь үүрэх, бараг ашиг хүртэхгүй байх эрх зүйн ноцтой үр дагавар үүсэх нөхцлийг бий болгосон байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй гэж шийдвэрлэсэн.Иймд бид давж заалдсан юм. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл, нотлох баримтуудыг тодруулж судлуулах, бүрдүүлбэр хангахуулахаар анхан шатны шүүх рүү буцаах шударга шийдвэр гаргалаа.
-Хэрэг удааширч шийдвэрлэгдэлгүй өнөөг хүрсэн шалтгаан нь юу вэ?
-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд манай ТББ-аас анх 2017 оны арваннэгдүгээр сарын 20-нд нэхэмжлэл гаргасан. Түүнээс хойш элдэв шалтгаанаар нэхэмжлэл буцаагдсаар 2019 оны зургадугаар сарын 24-нд гаргасан нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж 2019 оны долдугаар сарын 1-нд гарсан.
Өөрөөр хэлбэл 1.8 жил хөөцөлдөж байж хэрэг үүсгэснээс хойш хариуцагч талын өмгөөлөгч хуралд ирээгүй, түүнчлэн манай баг шүүгчээс татгалзсан, ёс зүйн хороонд өгсөн гэхчлэн шүүх хурал хойшилсоор өнөөдрийг хүртэл гурван жил өнгөрсөн байна. Энэ бүхнээс анзаарахад хэрэг хувь шүүгчийн үзэмжээр явагддаг, жирийн иргэн шударга ёсны төлөө явснаараа хэрэгтнээс ч илүү сэтгэл санаа, эдийн засгийн хохиролд ордог юм байна.
-Манай улс Оюутолгойн ордоос 34 хувийн ашиг хүртэж чадахгүй, өрөнд орсон. Гэтэл ураны ордоо ашиглуулаад 15-хан хувийг нь эзэмшинэ гэсэн гэрээ хийгдсэнд, хууль зөрчсөн ямар зүйл заалтууд байна вэ?
-Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар, мөн хуулийн 5.3-т “…Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ гэсэн. Хуулийн энэ нөхцлийг зөвшөөрсөн компанид ашиглалтын зөвшөөрөл олгоно гэсэн заалтыг зөрчсөн. Гэтэл Гурван сайхан компани энэ нөхцлийг зөвшөөрөөгүй байхад МҮ-020634 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож монгол улс 15 хувийн хувьцаа эзэмших гэрээ хийгдсэн.
Дээр товч дурдсан компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн есөн жил /1998-2007/ дуусч, тухайн үеийн Ашигт малтмалын тухай хууль /23.2/ -д заасан ашиглалтын өмнөх гурван жилээс ихгүй гэсэн заалт ч мөн /2010 онд/ дууссан. Гэтэл ГУУКХ 2009 онд дахиад гурван жилээр 2012 он хүртэл хууль бус сунгасан нь хүчингүй болгох үндэслэлтэй. Энэ компани 2016 оны есдүгээр сарын 20-нд ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш 2016-2020 онд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Ийм урт хугацаагаар хадгалах заалт хуульд байхгүй.
Ер нь бол Монгол-Орос-АНУ-ын хамтарсан Гурвансайхан компани 1994 онд байгуулагдаж “Говийн бүсэд эрдэс баялаг хайх, ашиглах” тухай Олон улсын гэрээ гэгчийг 15 жилийн хугацаатай хийж ураны хайгуулыг эхлүүлсэн байдаг. Тухайн үед манай улсад Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуулийн аль нь ч гараагүй байсан. 1997 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсаны дараа 1998 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө бүртгүүлсэн. Эрдэс баялгийн тухай хуульгүй, ялангуяа Цөмийн энергийн тухай хуульгүй, энэ талаар ямар ч ойлголтгүй, мэдлэг мэдээлэлгүй оронд ураны хайгуулыг стандарт зөрчиж хийж байсан. Монгол улсын эрх ашигт хохиролтой гэрээ хийгдсэн нь Цөмийн энергийн тухай олон улсын хуулийг ноцтой зөрчсөн маш ёс зүйгүй үйлдэл юм.
Түрүүн дурдсан Олон улсын гэрээ гэгчийн 15 жилийн хугацаа 2009 онд дуусгавар болох ёстой байсан. Гэтэл 2009 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс тооцон 2012 оны нэгдүгээр сарын 15 –ны өдрийг дуустал гурван жилийн хугацаагаар сунгасан байдаг. Ингэж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 14 жил байхаар тогтоосон зүйл заалт Монгол Улсын аль ч хуульд байхгүй. Цөмийн энергийн тухай хуульд хайгуудын тусгай зөвшөөрлийг анх олгохдоо гурван жилээр, тусгай зөвшөөрлийг мөн гурван жилээр нэг удаа сунгах, нийт зургаан жил байна гэж заасан.Эдгээр хуулийн зүйл заалтыг бүгдийг давж зөрчсөн, үүнийг УИХ-ын бүрэн эрхэд халдсан гэж үзэх үндэслэлтэй.
Уранаа ашиглуулахад: тавигдах хоёр үндсэн шаардлага байдаг.Үүнд тухайн улс орон өөрөө хянах чадвартай байх, нөгөө нь Байгаль орчин болоод хүн амыг хамгаалах,бүр ирээдүйн хүн амыг хамгаалах гэж байдаг. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа ураны эрсдэлээс хамгаалах Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ,Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинээр хийлгэж батлуулахыг хуульд заасан байхад 2016 онд дээрхи төлөвлөгөөг огт хийгээгүй байхад, Ашигт малтмал газрын тосны газраас Гурвансайхан компанид ашиглалтын зөвшөөрөл олгосон байдаг.
Гурвансайхан компани 2011 онд хийсэн хайгуулын тайлангаа сая архиваас оллоо гээд хавтаст хэрэгт өгсөн, түүнийг нь анхан шатны шүүх бүрдүүлбэр хангасан гэж үзэж хууль зөрчсөн гэх мэт олон баримтыг тоочоод баршгүй.
-Монголчууд ураны аюулыг Дорноговийн Улаанбадрах сумын бараан жишгээс сайн мэдэх болсон.Сүхбаатар аймаг түүний араас орох аюултай байдал үүсэхээр байна гэж ойлгож болох уу?
-Манай улс Гурвансайхан компанид Дундговь, ,Дорноговь,Сүхбаатар аймагт уран олборлох тусгай зөвшөөрлийг 30 жилээр хууль зөрчиж олгоод байна. Уран бол онц аюултай гэсэн олон улсын ангилалд ордог. Маш нарийн журам дүрэм стандартыг мөрдөж ажиллахгүй бол хор хөнөөл нь Дундговийн Дулаан уул, Дорноговийн Улаанбадрах, Сүхбаатар аймгийн Уулбаян, Түвшинширээ сумаар хэмжигдэхгүй. Өөрөөр хэлбэл, байгаль орчин цацраг болон химийн бодисоор бохирлогдох юм бол манайх шиг цөөн хүн амтай улсад үндэстнээрээ мөхөх аюулд хүргэж болзошгүй юм. Гэтэл Гурвансайхан компани хайгуул хийх явцдаа стандартын дагуу хаягдалд долоо хоног тутамд цацраг хэмжих хяналтаа хэрэгжүүлээгүй. Нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу хийлгүй усыг нь задгайлж хаясан. Түүнчлэн цацрагийн түвшин өндөр газруудад анхааруулах тэмдэг тавиагүй, ураны “шар нунтаг” гарган авахдаа газрын гүн рүү хүхрийн хүчил шахаж, ураны хүдрийг уусган баяжуулах арга хэрэглэснээ мэдээлээгүй нуусан нь гүний усыг цацраг болон хиймийн бодисоор хордуулсан байх магадлалтай байгаа нь аюул гамшиг юм.
-Уулбаян, Түвшинширээ сумын нутагт очиж цацрагийн хэмжилт хийхэд ямар дүгнэлт гарсан бол?
-Гурвансайхан компанийн өрөмдлөг хийсэн цэгүүдэд хэмжилт хийсэн. МХЕГ-аас 2018 оны наймдугаар сарын 10-нд гаргасан дүгнэлтэд хуучин ашиглаж байгаад урантай гээд хаягдсан Бумбатын нүүрсний уурхайн хаягдлын овоолгын орчим газарт гамма цацрагийн тунгийн чадал 0.26-3.72 мкзв\цаг маш өндөр нь (3.72 мкзв\цаг)…уран, тори-гийн задралын бүлийн цөм тус бүрийн хувийн идэвхийн дээд хэмжээ \1000бк\кг\ байхаас давсан өндөр үзүүлэлттэй буюу ноцтой хэмжээнд байна гэсэн дүгнэлт гарсан.
Гэтэл Гурвансайхан компани хайгуулын өрөмдлөг хийх үедээ газрын гүний усыг битүүмжлэлгүй орхисноос хөрсөн дээр ил задгай урсгаж гаргасан энэ булгаас хүн мал нь ундаалж байгаа. Энэ булаг нь хаягдлын далангаас 500-1000 метр орчимд байгаа нь энэ нутгийн хуурай эмзэг хөрстэй, тал хээрийн бүсэд олонтаа давтагддаг хүчтэй салхи шороон шуургаар туугдан цацрагтай шороо агаар, хөрс усаар дамжин тархаж цацрагаар бохирдуулах аюултай нөхцлийг бий болгосон байна. Гэтэл энэ орчинд цацрагийн хэмжээ аюултай гэсэн нэг ч тэмдэг тэмдэглүүр, хашаа хамгаалалтыг стандартын дагуу хийгээгүй туйлын хариуцлагагүй байна.
– Гурвансайхан компанид 30 жилийн хугацаатай уран олборлох зөвшөөрөл өгснийг орон нутгийн иргэд мэдээгүй байсан гэв үү?
-Сумдын Засаг дарга, Байгаль орчны байцаагч гээд хэдхэн хүнээс бусад нь энэ компанийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан. 2017 оны арваннэгдүгээр сарын 9-нд Гурвансайхан компанийн төсөл хэрэгжих “Өлзийт” талбай орших Түвшинширээ сумын Дэлгэрхаан багийн иргэдээс судалгаа авахад 100 хувь мэдэхгүй гэж байсан. Судалгааг хавтас хэрэгт өгсөн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар төслийн нөлөөллийн бүсийн иргэдийн саналыг авахаар заасан байдаг. Энэ нь нууцад хамаараагүй заалтуудаар, иргэдийн зайлшгүй мэдэх,мэдээлэл авах, оролцох, саналаа өгөх эрхийг тус тус зөрчсөн байгаа юм.
Энд дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол Цөмийн энергийн тухай хуулийн дагуу 2015 онд Дорноговийн Улаанбадрах сумын гурван ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг 20 жилээр зөв олгосон байдаг. Гэтэл нэг жилийн дараа 2016 онд Сүхбаатар,Дундговь,Дорноговьд олгосон 4 тусгай зөвшөөрлийг хуулиас давж 30 жилээр олгосныг, дээр дурьдсан олон хууль зөрчсөнийг яагаад Цөмийн энергийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,Ашигт малтмалын газар,Уул уурхай яам, аймаг сумдад хяналт тавих эрх бүхий төрийн олон байгууллагууд мэдээгүй, биднийг нэхэмжлэл гаргаснаар дөрвөн жилийн дараа мэдэж, үймэлдэж техникийн алдаа байсан засчихна, гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг ажилласан гээд байгаа бэ? Бид төрийн эсрэг ажиллаагүй. Харин төрийн хуулиас давсан эрх мэдэл эдэлж, төрийн хуулийг “гууль” болгож буй этгээдүүдийн хууль зөрчсөн баримт фактуудыг л цуглуулж судалснаа шударга шүүхээр шүүлгэж,иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалах гэж явж байна.
–Шүүх Гурвансайхан компанийн зөвшөөрлийг хууль зөрчсөн гэж цуцлах шийдвэр гаргавал цаашид ямар нөхцөл байдал үүсэх бол?
-Монгол Улсын эрх ашигт хохиролтой гэрээ хийгдсэн, нийтийн эрх ашгийг зөрчсөн, холбогдох олон хуулийг зөрчиж МҮ-20634 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг Гурвансайхан компанид олгосон АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгох шударга шийдвэр шүүх гаргах юм бол маш их ач холбогдолтой юм. Цаашид зөвшөөрөл олгодог төрийн байгууллагууд ч компаниуд ч хариуцлагатай ажиллахад сургамж болно.
Харин Гурвансайхан компани хувьцааны 85 хувийг эзэмшиж буй толгой компани болох “Дэнисон Майнз-Чех” компани энэ шийдврийг эерэгээр хүлээж авах нь юу л бол доо. Монголчууд орд ашиглах гэрээний хугацааг дөрвөн орд дээрээ андуурч хийсэн үү, хөөрхий гэх үү. Манай компани Монголын Засгийн газартай Олон улсын гэрээ хийхдээ зөвхөн 15 хувийг Монголын тал эзэмшихийг өөрчлөхгүй байх, цацрагаас учруулах эрсдэл, байгаль орчны хор хохирлыг олон нийтээс нуух гэх мэт гэрээний заалтуудыг зөвшөөрч гарын үсэг зурсан учир бид Олон улсын Арбитрын шүүхэд заргалдана гэх л байхдаа.
Төрд ажилладаг хүмүүс хувийн өчүүхэн шунал, гэрээ үзэглэсний бонусын төлөө улсаа өрөнд оруулах, цөөхөн ард түмнээ золиосонд гаргах ямар аюултай үр дагавартайг бодохгүй, ухаарч ойлгохгүй бол “мэдэхгүй бүхний” золиос даанч их гэдгийг үндэстэн дамнасан корпорациуд гашуунаар мэдрүүлэх байх даа.
– Хэрэв шүүх Гурвансайхан компанийн зөвшөөрлийг хууль зөрчөөгүй, цуцлах үндэслэлгүй гэж шийдвэр гаргавал яах вэ?
-Ийм шийдвэр гарах юм бол Сүхбаатар аймгийн Түвшинширээ-Уулбаян сумдын нутагт уран олборлох Гурвансайхан компани эрх нь баталгаажина.
Энэ бүс нутагт оршдог Бумбатын нүүрсний уурхайн хаягдлын овоолгын орчим газарт гамма цацрагийн тунгийн чадал 0.26-3.72 мкзв\цаг маш өндөр нь (3.72 мкзв\цаг)…уран, тори-гийн задралын бүлийн цөм тус бүрийн хувийн идэвхийн дээд хэмжээ \1000бк\кг\ байхаас давсан өндөр үзүүлэлттэй буюу ноцтой хэмжээнд байна гэсэн МХЕГ-ын дүгнэлт гарсан. Ийм гамма цацрагийн тунгийн хэмжээ өндөр байгаа нутагт, нэмээд уран олборлох уурхайтай болоход “хоёр дахь Улаанбадрах” шиг гамшгийн бүс үүсэх л ирээдүй харагдаж байна даа.
Ч.Сайханбилэгийн Ерөнхий сайд байхдаа олгосон ураны хайгуулын лецинз олгох тухай Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг доорх баримтаас Та харж байна.
Ашигт малтмалын газрын ураны зөвшөөрөл олгосон шийдвэрийг доорх зураг бүхий баримтаас харж болно.
2 comments
Ураныг ашиглах хэрэгтэй. Сайханбилэгийн ЗӨВ
Ашиглая гэхдээ чи тэнд ажиллана