Нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаяж, орчныг бохирдуулсан иргэдэд өнгөрсөн долоо хоногт 47 сая төгрөгийн торгууль оногдуулсан бол энэ доло хоногийн мэдээллээр 76 сая төгрөгийн торгууль оногдуулсан тухай мэдээлэл байна. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэдхэн хоног хяналт тавьж, зөрчил гаргасан иргэдэд оногдуулсан торгуулийн хэмжээ ийм байна.
Гудамж талбайд нус, шүлсээ хаяж орчноо бохирдуулдаг энэхүү байдал нь нийслэлчүүдийн хувьд тулгамдсан асуудлуудын нэг юм. Соёл, иргэншилдээ дасан зохицохгүй, хотын соёлын хувьд “А” ч үгүй хүмүүс гудамжин дахь ааш авираа хянахгүй аваас тэдэнд ногдсон торгуулийн хэмжээ хотын төсвийн тодорхой хувийг ч бүрдүүлж магадгүй юм.
Коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд хоёрдугаар сарын 20-ноос эхлэн нутгийн захиргааны 71 байгууллагын 6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж талбайд эргүүлээр ажиллаж байгаа аж.
Өнөөдрийг хүртэл нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаяж, орчныг бохирдуулсан 29 мянган иргэнд анхааруулга өгч, 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй өнгөрсөн долоо хоногт мэдээлэлдээ дурьдсан юм.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн харьяа агентлагуудаас долоо хоногийн ээлжит мэдээллээ өгөхдөө Нийслэлийн Засаг даргын А/168 дугаар захирамжын дагуу олон нийтийн газар нус цэрээ хаясан, ил задгай бие зассан 6898 хүнд 76 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. 1100 нь нус, цэрээ хаясан зөрчил байна. 650 гаруй нь бие зассан зөрчил байна” гэв.
Эрүүл ахуйн тухай хуулийн 20.1.8-д “нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаахыг хориглоно” гэж заасан байдаг.
Дээрх заалтыг зөрчсөн тохиолдод Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-д заасны дагуу арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалт бий.
Тэгвэл энэхүү хэд хоногт сануулга авсан 29 мянган иргэнийг зөрчлийн тухай хуулийн 5.1.1-ийг үндэслэн торголоо гэхэд 290 сая төгрөг нийслэлийн төсөвт төвлөрөх нь байна.
Уг нь бол хотын соёл их энгийн. Товчхон хэлэхэд хотын соёл гэдэг бол суурин газарт амьдрах хэвшил. Хотод олон хүн ажиллаж, амьдардаг учраас нэг хүний эрх ашиг болон сонирхол нь нийт олны эрх ашигт захирагдах учиртай. Тиймээс олон нийтийн газарт ядаж биеэ зөв авч явах дадлыг өөртөө бий болгох тал дээр нийслэлд амьдарч буй иргэн та анхаарах хэрэгтэй.
Хэрвээ чадахгүй бол нийслэлийн соёлд дасахгүй байгаа иргэн таны торгуулиар нийслэлийн төсөв бүрдэж ч магадгүй болоод байна шүү.
Нийтээр дагаж мөрдөх соёлыг ухамсарладаггүй иргэдэд хариуцлага тооцдог байдал бусад улс орнуудад ч байдаг байна. Тухайлбал, Япон улс л гэхэд гудамж талбай, олон нийтийн газар, орон сууцны орчим, нийгмийн эзэмшлийн байгууламжид нус, цэр, шүлсээ ил задгай хаясан зөрчилд Япон 1000-10000 иен, Сингапур 5000 сингапур доллар, Солонгос 40 ам.доллар, БНХАУ-ын Бээжин хотод 70 ам.долларын торгууль оногдуулдаг гэнэ.
Магадгүй шүлс, нус, цэр гудамж талбайд хаях эсэх нь тухайн хүний эрх мэт мунхаглагчид байж болох юм. Гэхдээ хүний биенээс ялгарч буй энэхүү биологийн шингэн нь халдвар үүсэх эрсдэлийг бий болгодог талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дахин дахин анхааруулсаар байна.
Тэрбээр ” Аливаа халдварт өвчлөлийг үүсгэгч нь биологийн шингэнээс ялгардаг. Тиймээс ямар ч халдварт өвчин үүсгэхийг үгүйсгэхгүй. Нянгаар үүсгэгддэг ямар ч өвчин халдаж болно. Тухайлбал, амьсгалын замаар халддаг сүрьеэ, ханиад томуу, одоо дэлхийн орлон оронд гараад буй Коронавирусын халдвар хүртэл халдах эрсдэлтэй.
Хаврын улиралд ханиад томуу, халдварт өвчин хэсэрдэг нь үүнтэй холбоотой. Ил задгай хаясан нус, шүлснээс эхлээд бохир ус, зориулалтын бус жорлонгоос халдварт өвчин үүсэх эрсдэл ихэсдэг. Тиймээс амны хаалтыг хавар ч зүүх хэрэгтэй” гэж байсан юм.
Соёл, иргэншилд дасан зохицоогүй иргэд торгуулийн хэмжээ хотын төсвийн тодорхой хувийг ч бүрдүүлж магадгүй юм.
Н.БАТАА