Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д хийсэн айлчлалаа амжилттай дуусгаж, оройн 22:20 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан явсан албан ёсны төлөөлөгчид эх орондоо ирснийхээ дараа коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан авч буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зохих журмын дагуу тусгаарлагдаж байна.
БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзаж, шинэ төрлийн коронавирусний халдварын тархалттай тэмцэж буй Хятадын ард түмэнд туслах зорилгоор Монголын ард түмэн 30 мянган толгой хонь хандивлаж буйг мэдэгдсэн билээ.
Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явлаа гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.