Ази, Номхон далайн орнуудын боксчдод “Токио-2020” олимпийн эрх олгох тэмцээнийг ирэх сарын 3-11-нд Йорданы нийслэл Амман хотноо болно. Уг тэмцээнд оролцох Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн тэргүүтэй нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй баг тус улсад очоод байна.
Энэхүү эрх олгох тэмцээнийг Хятадын Ухань хотноо зохион явуулах байсан боловч коронавирусний тархалтаас болж цуцласан юм.
Тус тэмцээнээр хөнгөн жинд эхний 6, дунд жинд эхний 5, хүнд эхний 4 байр эзэлсэн тамирчдад олимпийн эрх олгоно. Харин Амман хотын рингнээс эрх авч чадаагүй боксчид Парис хотноо тавдугаар сард цугларч, олимпийн наадмын үлдсэн эрх авахын төлөө тулалдах юм байна.
Дашрамд сонирхуулахад, Монголын боксчид 1972,1976, 1980, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны олимпийн наадамд нийт 11 удаа хүчээ сорьж нэг алт /Э.Бадар-Ууган/, 2 мөнгө /П.Сэрдамба, Н.Төгсцогт/, 4 /Н.Энхбат, Н.Баярсайхан, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай/ хүрэл медаль хүртээд байгаа юм.
Харин ДАШТ-ээс нэг алт /П.Сэрдамба/, 4 мөнгө /Р.Отгонбаяр, Т.Үйтүмэн, Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт нар тус тус хүртсэн бол Э.Цогтжаргал, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай, М.Нандинцэцэг, Э.Цэндбаатар/ хүрэл медаль хүртсэн билээ.