Коронавирусийн халдвар бүртгэгдсэн эрсдэлтэй улсаас ирснээ нууж, мэдээллээ буруу өгсөн иргэнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаад байгаа тухай Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Вирусийн өвчлөл өндөр байгаа БНСУ-аас ирж буй иргэдийг тусгаарлах тухай мэдээлэл авсан зарим хүмүүс ирэх чиглэлээ өөрчлөн ОХУ-ын Эрхүү хот руу нисэж улмаар Алтанбулагийн боомтоор Монголд нэвтрэх гэж оролджээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирж буй иргэдэд хяналт тавих, тусгаарлан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
Иргэд өвчлөл илэрсэн газар руу аялахгүй байх, хэрвээ аялсан тохиолдолд хилийн хяналтад аяллын түүхээ үнэн зөв мэдүүлэх, өөрийгөө 14 хоног тусгаарлах, шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд буй эгзэгтэй цаг үед иргэн хүн буруу мэдээлэл өгч, хариуцлагагүй хандах тохиолдолд хуулийн байгууллагад шалгуулна гэлээ.