БНСУ-ын Засгийн газар “Энэ 7 хоног бол корона19 тархалтыг барих жинхэнэ ‘Алтан цаг’ болно” хэмээн мэдэгджээ. Өчигдөр буюу 23-ны өдөр Мүн Жэ Иний Засгийн газар гамшгийн зэрэглэлийг дээд түвшин болох “онц ноцтой” түвшинд зарлаж Гамшгийн аюулгүй байдлын төв газрыг Ерөнхий сайд ахлах шийдэрийг гаргасан юм.
Гамшгийн аюулгүй байдлын төв газрын 1-р орлогч буюу Эрүүл мэнд, халамжийн сайд Пак Нын Хү мэдэгдэхдээ “Цаашид нэг долоо хоногоос 10 хоногийн дотор корона19-ийн тархалтыг барьж авах оргил үе нь байх болно” гэсэн байна.
Халдварт өвчний мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ 7 хоногт корона 19-ийн тархалтыг барьж авах “Golden time” буюу хамгийн чухал цаг үе болно гэж үзэж байна.
Засгийн газрын хувьд халдварт өвчтөнүүдийг эрт илрүүлэх болон эмчилгээнд хамруулах ажил нь хамгийн чухал ажлын нэг болж байна. Эрүүл мэндийн яамнаас корона19-ийн тархалтыг зогсоохын тулд ард түмний урьдчилан сэргийлэх арга хэмжээ чухлыг онцолсон байна. Хамгийн чухал нь гараа 30 секундээс дээш хугацаанд савандаж угаах, нүүр болон биеийн бусад хэсэгтээ гараар хүрэхгүй байх явдал юм.
Гадагшаа гарах тохиолдолд маск заавал зүүх шаардлагатай ба ханиах үедээ амаа заавал ханцуйгаараа таглах хэрэгтэйг сануулж байна. Мөн олон хүн цугларсан газарт очихгүй байх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар 15 улс орон БНСУ-н иргэдийг нэвтрүүлэхэд хязгаарлалт хийх болон хориглох шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: Ц.Өнөрзаяа Күүкмин Их Сургуулийн багш