XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.
Өргөн уудам эх орныхоо өнцөг булан бүрт болон хилийн чанадад амьдран суугаа ахмад буурлууд, ахан дүүс, нийт ард иргэддээ угтан золгож буй XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн мэндийг дэвшүүлье. Ерэн оноос эхэлсэн шинэ нийгмийн бүтээн байгуулалт болох Ардчилал энэ жил 30 нас хүрлээ.Тэгш ой тохиосон энэ жил бид ололт, амжилт, алдаа оноогоо дүгнэн, ирэх 30 жилийнхээ ирээдүйг зурагласан нэгэн жил улирч байна.
Монголчууд бид газартай, өмчтэй, гадаад паспорттай, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй болоод 30 жил болжээ. Шинэ оны босгон дээр Ардчилсан Ерөнхийлөгчийн санаачлагаар ахмадын тэтгэвэрийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн төсөл ажил хэрэг болж, олон мянган зээлтэй ахмадууд сар шинийн баярын өмнө тэтгэврээ бүрэн авч чадлаа.
Энэхүү үйл явдал нь 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ерөнхийлөгч Х.Баттулгад намын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж буй явдал бөгөөд цаашид цалингийн зээл, оюутны сургалтын зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэх тухай хуулийн төсөл боловсруулах санаачлагыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.
Мөн өнгөрөгч нэгдүгээр сард миний бие Ахмад настнуудынхаа нийгмийн баталгааг хангах зорилгоор, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.000, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 420.000-д хүргэх тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан билээ. Энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж буйгаа нийт ард иргэддээ хандсан уриалга мэндчилгээнд илэрхийлсэнд таатай байна.
Бид Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нийгмийн хамгааллын бодлогыг цаашид үр ашигтай, хүртээмжтэй болгохын төлөө тууштай ажиллах болно. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өрх толгойлсон эмэгтэйчүүд нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардсан иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Ардчилсан нам гишүүн төвтэй, бодлогын нам болох зорилтынхоо хүрээнд гишүүд, дэмжигчдээ чадавхжуулах, идэвх, оролцоог нь хангах шат дараалсан олон ажлыг амжилттай зохион байгуулж, Үзэл баримтлал, Үндсэн дүрмээ шинэчлэн баталлаа. Цаашид ядуурал, ажилгүйдэл, эрүүл мэнд, боловсролын тэгш бус хүртээмж, Монгол хүний үнэлэмж, авлига, шударга бус байдал, засаглалын хямрал зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн тулд Ардчилсан нам манлайлан ажиллах болно.
Айлчлан ирж буй төмөр хулгана жилд УИХ-ын ээлжит сонгуулийн жил тохиож байна. Энэ бол зөвхөн дөрвөн жилийн үйл явц бус Монгол Улсын ирэх 30 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлох түүхэн хариуцлагатай жил байх болно.
Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө нийт гишүүд, дэмжигчдийнхээ саналыг тусгаснаар тооцоо, судалгаанд үндэслэсэн, бодит, хэрэгжих боломжтой хөгжлийн бодлогыг та бүхэнтэй хамтран боловсруулж, ажил хэрэг болгохыг зорьж байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засаг, Ардчиллын өмнө тулгараад буй сорилтыг нэг санаа, зорилгын дор хамтдаа даван туулж, ирээдүйгээ улам илүү гэрэл, гэгээтэй, өөдрөг болгох нь бидний хүсэл зорилго мөн.
Ардчилал бол ардчилсан намын гишүүдийн өмч биш, Ардчилал бол Монголын нийт ард түмний бүтээн байгуулсан их итгэл, зүтгэлийн үр дүн гэдгийг энд онцлон хэлэхийг хүсч байна. Монголчууд сэтгэлдээ галтай, итгэлдээ нартай ард түмэн. Энэ галыг өрдөн асаах, улс орныхоо хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийг хангах боломж бидэнд бий. Хэрэгтэй цагт эвлэлдэн нэгдэх, зөвийг дэмжих, тууштай байх чадвар монгол түмний заяагдмал шинж билээ.
Тиймээс шударга нийгэм, хариуцлагатай төр, чинээлэг иргэн бүхий Монголыг цогцлоохын төлөөх Та бидний хамтын хичээл зүтгэл, сайн цагийг дуудан, бүтээнэ гэдэгт итгэж байна. Элэг нэгт, эрхэм Монголчууд аа, эрүүл явбал бид олон олон цагаан сарыг өргөн тэнүүн тэмдэглэж чаднаа. Тиймээс олон улсыг хамарсан цар тахлын энэ үед өндөр настан, үр хүүхдүүдээ хамгаалж, нийтийг хамарсан золголт хийхгүй байхыг мөн уриалж байна.
Нэгэн үеийн эхлэл болсон төмөр хулгана жилдээ зон олон маань эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн, айл өрх бүр аз жаргалаар бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Миний Монголд Ардчилал Мөнх Оршиг.