Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр дараах мэдээллийг өглөө.
“БНСУ-д нөхцөл байдал хүнэрч 700 гаруй хүн коронавирусийн халдвар авсан учраас БНСУ хөл хорио, хязгаарлалтуудыг хийж байна. Манай улсын хувьд эрсдэл өндөртэй. Учир нь өдөрт БНСУ-аас 600-1000 хүн ирж байна.
Зарим иргэд иргэнийхээ үүргийг ухамсарлаж байгаа хэдий ч гэрийн хаяг гэх мэт мэдээллээ өгөхгүй, шууд хөдөө явах, айлаар зочлох зэрэг үйлдлийг хийж байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор БНСУ-аас ирэх нислэгүүдийг цуцлах эсэх талаар Улсын Онцгой комиссын хуралдаанаар өнөөдөр шийдэнэ гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэллээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Яг өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд нийт тохиолдлын тоо 79,140, халдварын улмаас амиа алдагсад 2468, эдгэрсэн хүний тоо 23,094 болжээ. Итали улсад гэхэд 10 хотыг хөл хорио тогтоож БНСУ онц байдал зарласан. БНСУ-д гурав хоногийн дотор 446 тохиолдол бүртгэгдсэн.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өчигдөр БНСУ-аас ирсэн 17 иргэнийг Жаргалантын аманд байрлах ОБЕГ-ын амралтын газар тусгаарласан. Ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байна. Эмнэлгүүдийн бэлэн байдлыг тогтмол шалгаж, ажиллах хүний нөөцийн мэдээллээ нэгтгэсэн.
Мөн “ХӨСҮТ-д тусгаарласан байсан зургаан хүний шинжилгээний хариу сөрөг гарсан буюу илрээгүй. Одоогийн байдлаар өчигдөр БНСУ-аас нислэгээр ирсэн 6 Солонгос, Монголын 1 иргэн, өмнө нь ирээд байсан 1 гээд нийт найман хүн тусгаарлагдаад байна. Шинжилгээ, эмчийн үзлэг хяналт явагдаж байна. БНХАУ шинэ коронавирусийн халдварыг хаврын баярын үеэрээ алдаа гаргасны улмаас өнөөдөр нөхөж баршгүй хохирол амсаад байна.
Бусад улс орны хувьд хүн ам олон, нягтаршил ихтэй тул төвөгтэй байдалд байна. Манай улсын хувьд зөв мэргэн, шийдвэрийг цаг алдалгүй гаргаснаар нөхцөл байдлыг даван гарах боломж бий гэж харж байна. Тиймээс иргэд та бүхэн маань сар шинээр айлаар зочлохгүй, олон хүний газраар явахгүй байхыг хүсэж байна” гэж ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү нар тус тус мэдээлсэн юм.
COVID-19 вирусний халдварын нөхцөл байдлын мэдээ /2020.02.24/