Эрт дээр үеэс сар шинийн баярын гол идээ ундаа болох цагаан идээ буюу сүү цагаан тос, аарц зэрэгцээ чанаж амталсан амуу будаа тариатай зоогийг бэлддэг байжээ. Цагаалга бол цагаан сарын идээ будааны тэргүүн зоог бөгөөд бууз банш ч мөн улаан махыг цагаан гурилаар бүрхэн цагаалгын шинжтэй болгосон хоол юм.
Золгож шинэлэх ахмад айлдаа цай, цагаалга тавагтай идээтэйгээ орцгоон, айл айлаас ирсэн идээнээс дээжлэн, шинээр цай чанаж, хүндэтгэлийн хоолыг гал дээр тавьдаг. Үүний дараагаар золгож шинэлэх ба ахмад настай хүнээс эхлэн дараалан цагаалганаас барина. Хүн бүр гурав гурав удаа эсвэл долоон удаа эсвэл долоон удаа идэхийг маш сайн хэмээн бэлэгшээдэг. Эхний хийж өгсөн аягатай цагаалга дээр бага багаар хийж нэмдэг заншилтай.
Ийнхүү ахмад настныдаа золгосны дараа цагаалгаа хуваан айл айлд өгч явуулах ба ирсэн зочдоо дайлдаг уламжлалтай. Сар шинийн баяраас хойш олон хоног цагаалгыг зоогловол элбэг баян байхын тэмдэг хэмээн үзэж цагаалгыг аль болох их, хүн бүрд хүрэлцээтэй хийдэг байна. Монголчууд ихэвчлэн цагаалгыг хийхдээ тутаргын сүүнд агшаасан аарц, шар тос, зөөхий бурмаар амталдаг.
Тавгийн идээ
Монголчууд хүндэтгэлийн тавгаа ул боовоор засдаг. Ингэхдээ тухайн өрхийн тэргүүний нас сүүдэр, үр хүүхэд, ач зээгийн тооноос хамаарч “тэдэн улыг элээжээ хэмээж” хэдэн давхар байхаа тооцон гаргадаг уламжлалтай. Мөн суурийг таван биеийг бэлгэдэж таван боовоор засдаг уламжлалтай. Сүүлийн үед монголчууд дөрөв юм уу гурван боовоор засдаг нь буруу гэж өвгөд үздэг.
Жаран наснаас наян нас хүртэл таваар таван үе, наян наснаас зуун нас хүртэл таваар долоон үе. 100-аас дээш насалсан хүн таваар есөн үе засдаг уламжлалтай. Хэрэв гэрийн эзэн нас бараад гурван жил болоогүй бол хүндэтгэл үзүүлж, таваар есөн үе тавгийн идээ засдаг уламжлалтай.
Шүүс дэвшүүлэх ёс
Ууцыг эртний хаадын идээ хэмээн нэрлэдэг байжээ. Улс орон удирдаж буй төрийн дээд албан тушаалтай хүн л тавьдаг байжээ. Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг хэлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал дөрвөн өндөр, хавирга, чөмөг дагуулан тавьдаг. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ.
Түүний дагуу сүүлний бөгтгөр орчмын хоёр толиноос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусад нь тавина. Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас таллан авч хишиг хэмээн тараадаг.