Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцын айлдсан битүүлэх ёс болоод шинийн нэгний бэлгэдлийн талаархи мэдээллийг хүргэж байна.
-Хүн бүр битүүний өдөр биеэ хичээх хэрэгтэй. Хоёрт, хэлээрээ сайн сайхан зүйлийн бэлгэдлийн утгатай үгийг хэлдэг. Уужуу, тайван бай. Бие, хэл хоёрын хооронд сэтгэл байдаг. Бие, хэл, сэтгэл гурвын ариун, цэвэр байдлаар хуучин оноо үдэж байгаа юм.
Битүүний өдөр монгол түмэн таван зүйлийн идээгээр гэр бүлийнхнийгээ, мөн ирсэн зочноо дайлдаг номтой. Гэрээ цэвэрлэж, идээ будаагаа сайхан засах нь гэр бүлийнхэн үр хүүхдийнхээ харах мэдрэхүйд барьж буй бэлэг. Нүдээр харж буй зүйл эвсэг найрсаг, дизайн сайтай байх юм бол сэтгэлд нь бүлээн дулаан хайрлаж байна. Удаах нь чихэнд өргөх өргөл. Бэлэг дэмбэрэлтэй үг яриа хэлэлцэж, дуу хуур эгшиглэх нь сонорт өргөж буй бэлэг юм. Аманд нь сайхан амт өргөдөг. Идээнд хүрэхдээ амьтны амь ороогүй цагаан зүйлээс эхэлж хүртдэг. Дараагийнх нь хамарт өргөж буй үнэр. Сайхан үнэрт ямар ч хүний сэтгэл баясдаг.
Шинийн 1-ний өглөө
Шинийн 1-нд өглөө эртлэн босдог. Энэ жил өргөн дэлгэр тэмдэглэхгүй, айл хэсэхгүй учраас гэртээ гэрийнхэнтэйгээ золгож, ёсолж болно. Хамгийн ахмадаасаа хүндэтгэн золгож эхэлдэг.
Хүнд хамгийн эрхэм зүйл бол урт нас. Ганцхан өөрөө биш гэр бүл, ард түмнээрээ урт наслах хэрэгтэй. Хэчнээн баялаг эд хөрөнгө, мөнгө төгрөг байгаад үхчих юм бол ямар ч хэрэг байхгүй. Түүний дээр урт наслаад бүх юм сайхан болдог уу гэвэл бас үгүй. Өвдөж хавдаад байвал яагаад ч жаргалтай сайхан байхгүй. Тиймээс өвчингүй байхын төлөө хичээх ёстой юм.
Гэр бүл, найз нөхдөдөө сайхан үг хэлж, эвцэж зохицоорой
Муу үг хэлэхээр муу үг л ирдэг. Тиймээс гэр бүл, хань ижил, үр хүүхдүүддээ сайхан үг хэлж эвцэж зохицож байгаарай гэж захъя. Энэ жилийн хувьд хөл хориотой учраас цахимаар бие биедээ сайхан үг хэлж, мэнд мэдээрэй. Сайхан үг, үйлдэл бүр гэр бүлд халуун дулаан уур амьсгал авчирдаг. Тиймээс ч бурхан багш хамгийн түрүүн өөр рүүгээ хар гэж бидэнд айлдсан байдаг. Өөрийгөө зассанаар гадна талын харьцаж байгаа араншин засардаг. Тиймээс зохисгүй шалтгааныг хаяж, барцадгүй мэнд суугаарай ард түмэн минь.
Бусдад хэлсэн сайхан үг тань хамгийн том өглөг болноТайлбар
Цагаан сар өглөгөөр эхэлдэг. Монголчууд өглөгийг чухалчилдаг. Өглөг өгч буйн цаад учир шалтгаан нь өөрт буцаж буян болж ирнэ гэдэгт итгэдэгт оршмой. Мөн өглөг нь бусдад урам зориг өгөх зорилготой. Амьдралдаа гундаад явж буй хүнд сайхан урмыг үг хэлж байна гэдэг чинь ч өглөгт тооцогдоно. Бие, хэл, сэтгэл хэмээн үзвэл хэлээр буюу бусдадаа сайхан үг хэлж, амьдралд нь тэнцүүлсэн, цаашдын зүг чигийг нь өгсөн сургаалаа айлдаж байх нь зөв өглөг юм. Түүнчлэн шинэ жилийн өглөө бие биедээ сайхан зан аалиар хандаарай. Бага насандаа эцэг эхийн хайраар тэтгүүлж, залуу зандан насандаа гэр бүл болж, өтлөх насандаа өсгөсөн эцэг эхийнхээ хайрыг үр хүүхэд нь буцааж хариулж жаргаадаг. Бага нас, залуу нас, өтөл үе гурван цагийн хэлхээнд Монголчууд бид жаргалд умбаж байдаг. Энэ учир нэн ялангуяа үр хүүхдэдээ анхаарал тавьж хайр энэрлээр өглөг өгөөрэй.
Амьдралыг хорлодог барцад гэдэг зүйлээс хол байх ёстой. Аюул ослоос урьдчилан сэргийлж, архи тамхинаас хол байх нь зүйтэй. Бурхан багшийн сургуульд зааснаар би ийм буруу зүйл хийвээс өөрийгөө болон гэр бүлээ сүйдэлнэ шүү дээ гэж санаж байх, үүнийг мэдэж байвал барцад буюу амьдралын саадаас өөрийгөө хамгаална.
Айлчлан ирж буй төмөр хулгана жилдээ Монголын ард түмэн, сүсэгтэн олон та бүхэндээ сав, шим ертөнцдөө урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн сайн сайхан байхыг ерөөе гэж захилаа.
Эх сурвалж: