БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 11:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсад коронавирусээр халдварласан тохиолдол өмнөх өдрөөс 52-оор нэмэгдэж 156-д хүрсэн болохыг мэдэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд нь Умард Гёнсан муж, Дэгү хотод 41, Сөүл хот 1, Өмнөд Гёнсан муж 2, Өмнөд Чүннам муж 1, Умард Чүнчөн муж 1, Гёнги муж 1, Умард Чөнра муж 1, Чэжү хот 1, Гуанжу хот 1 тус тус илэрсэн байна. Шинээр илэрсэн 52 тохиолдлын 39 нь Дэгү хотод гарсан байна. Дэгү хотын Чөндо Дэнам эмнэлгээс 16 тохиолдол илэрсэн ба үүнээс 5 нь тус эмнэлгийн сувилагч халдвар авсан байна. Одоогийн байдлаар 14660 иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 11953 иргэний хариу сөрөг гарч, 2707 иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 16 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гараад байна.

Монгол иргэд БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсээ вирусын халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд анхаарна уу!

-Амны хаалт /маск/тогтмол зүүх
-Гараа урсгал ус, савангаар 30 секундаас дээш угаах
-Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх
-Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
-Олон нийтийн газраар аль болох явахгүй байх, явах тохиолдолд амны хаалт зүүх
-Онц шаардлагагүй бол эмнэлэгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих
-Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх
-Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх

Хэрэв танд өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллаж буй/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлэгийн байгууллагад хандаарай. БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой.

Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудас, ЭСЯ-ны 02-798-3464 утаснаас мэдээлэл авна уу.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн