Бэлгэ дэмбэрлийн үг нь гарал үүслээрээ үгийн ид шид хүчин чадлаар хүнд хүч нэмж ажил үйлсийг нь өөдрөг бүтэмжтэй байхыг ерөөсөн яруу найргийн жижиг төрөл зүйл юм.
Энэ нь агуулга хэлбэрийн хувьд хараал, зүхлийн эсрэг эерэг санааг агуулсан ерөөлийг хураангуйлсан шинж чанартай, богино хэлбэрийн шүлэг хэмээн судлагчид тодорхойлсон байдаг [Содном, 1968.63].
Энэ санааг тодруулж хэлбэл, монголчууд шинэ өргөө гэрийнхээ унь, тооно, хаалга, үүд, хамаг эд хогшлоо хүртэл иж бүрнээр багтаасан нутаг нутгийн дэлгэр сайхан ерөөл байхын зэрэгцээ шинэ гэрт морилон саатсан гийчид бас:
Барьсан гэр чинь
Бат болтугай!
Байсан бие чинь
Мөнх болтугай
Өргөө гэрээ хайрлаж яв
Өргөн түмэндээ хүндлэгдэж яв
гэх зэргийн бэлгэ дэмбэрэлтэй үг хайрлаж ёс төр гүйцээх заншил ч бий.
Манай ард түмэн ерөөлийн үгийн утга чанарыг “Ерөөлийн үзүүрт тос” гэж товч бөгөөд маш оновчтой тодорхойлсон байдаг билээ.
Бэлгэ дэмбэрлийн үг нь үүрэг, зориулалтын хувьд хүмүүс аливаа шинэ ажил үйлс үүсгэн зохиох тохиолдолд бие биедээ бэлгэтэй сайхан үг хэлж урам хайрлах ёс заншилтай уялдан эл төрөл буй болжээ. Тухайлбал, шинэ он гарч золгож шинэлэхэд, шинэ нутагт сэлгэн буухад, шинэ дээл хувцас өмсөх, аян жин тээх, шинээр худаг ус гаргах, эсгий хийх тэргүүтэн аливаа шинэ сэргэг эхлүүлж буй ажил үйлстэй тохиолдсон хүмүүс уул бүтээл туурвил нь өлзийтэй сайхан бүтэх, өөдрөг цоглог явахыг бэлгэдсэн үг хэлдэг юм. Энэхүү бие биедээ уpaм хайрласан бэлгэ дэмбэрлийн үг нь ард түмний амьдралын салбар салаа бүхнээ ирээдүйдээ итгэх итгэл, өөдрөг сайхан үйлст уриалсан шинжэй өвөрмөц хэлбэрийн нэг төрөл зүйл болж хөгжиж иржээ. Хүний ажил амьдралын хүрээ маш арвин баялаг байдагчлан хүн хүндээ үгээр урам хайрлах бэлгэ дэмбэрлийн үг ч өргөн агуулгатай байдаг байна.
Жишээлбэл, сар шинээр залуучууд настан буурлууддаа золгохдоо
Урт насал
Удаан жарга!
Сайн яв
Санаагаараа жарга
Тэнгэр үз
Тэгш жарга
гэх мэтээр хүн хүний нас, намба, ажил төрөлд нь уялдуулан настангууд бэлгэ ерөөлийн үгээ урсгаж байдаг билээ. Ийнхүү цэцэн билигтнүүдээс ам дамжсаар бэлгэ дэмбэрлийн үгийн олон хувилбаруудбуй болсон байна.
Хөдөө хээр аянчин, жинчинтэй дайралдахад мэнд усаа мэдэлцээд
Ачаа хүнд
Аян зөөлөн
гэж хэлдэг бол унгас ноос савж байхад учирсан хүн:
Саваа нь шандас бол
Савсан ноос нь мяндас бол гэх буюу
Хуйгүй хурдан
Салхигүй сайхан бол
гэх зэргийн бэлгэтэй сайхан үгээр урам хайрладаг байв. Ийнхүү урам хайрлаж хэлсэн бэлгэтэй сайхан үг нь хүнд асар их хүч дэм болсоор иржээ.
Тиймээс монголчууд:
Caйн үг
Сарын хүнс
Муу үг
Tэp өдрийн тээг хэмээн үгийн үнэ цэнийг маш оновчтой олж хэлжээ.
Нүүдэлчин монголчуудын амьдралд мал аж ахуй, ан ав хийх зэрэг ажил төрөлтэй нь холбоотой бэлгэ ерөөлийн үг маш олон хувилбартай байдаг байна.
Үрс гаргах юм уу, унага тамгалах үед гүүн зэлэн дээр ирсэн хүн:
Ногтолсон унага чинь,
Ногтруунаас олон,
Зэллэсэн унага чинь
Зээр гөрөөснөөс олон болог, гэж хэлдэг бол хурдан морины уяа сунгаан дээр ирсэн хүн:
Хүлэг нь хурдан
Хүүхэд нь хөнгөн 6айг хэмээн бэлгэшээн хэлдэг ажээ. Чингэхдээ мал сүргээ үржин төллөж байхыг бэлгэдэн:
Тоо нь түм хүрч
Тоос нь огторгуйд тулж байг
гэх юм уу бүхэл шүүс гаргах үед:
Идсэн шүүс нь аршаан болж,
Ижил сүрэг нь түм хүрч,
Энэ ертөнцийг бүрхэх болтугай гэх зэрэг бэлгэшээсэн үг хэлдэг байна.
Эх сурвалж: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
1 comment
Ez