Олон улсын нэр хүнд бүхий “Ханс Кристиан Андерсений шагнал”-д Монгол улсын төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэн хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог гуай хоёр дахиа нэр дэвшлээ.
Дэлхийн хүүхдийн утга зохиолын салбарт Нобелийн шагналтай эн зэрэгцэхүйц энэ наадамд 33 орны шилдэг 33 зохиолч багтсан байна. Тэрбээр энэ жил “Гурван марал”, “Гэр”, “Есөгчин”, “Хар шувууны цагаан түүх” болон “Өөдөө хаясан чулуу зэрэг номоороо оролцож байгаа юм.
Түүний “Аав Ээж Би”, “Аранзэл зээрд”, “Чулуун домог”, “Морьтой үлгэр” зэрэг олон сайхан гайхамшигт зохиолууд, “Сайн байна уу”, “Түүдэг гал”, “Тавтай нойрсоорой”, “Баяртай” зэрэг зуслангийн дуугаар нь Монголын үе үеийн хүүхдүүд өсөж хүмүүжсэн билээ.
Анх 17 настайдаа “Аргатай хүү” номоо улсын хэвлэлээр хэвлүүлснээс хойш өдгөө 100 гаруй ном туурвижээ. Үүнээс 30 гаруй нь гадаад орнуудад хэвлэгдсэн байна.