Коронавирусийн тархалтын оргил үеийг энэ сарын сүүл буюу сар шиний баярын өдрүүдтэй давхцаж болзошгүй гэж албаныхан үзэж байгаа юм. Иймд Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гарсан билээ. Энэ нь гэр бүлийн хүрээнд баяраа тэмдэглэж болохоос өргөн хүрээнд золголт хийхгүй байхыг уриалж буй юм.
Гэвч нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт сар шинэ өргөн дэлгэр болж болзошгүй гэж үзэж байгаа учир хот руу орох болон хотоос гарах хөдөлгөөнийг баярын өдрүүдэд хааж магадгүй гэх мэдээллийг ОБЕГ-ын дарга Т.Бадрал өглөө.
Мөн тэрбээр нэмж хэлэхдээ, “Монголчууд бид цөөхүүлээ гэдгийг нэгдүгээрт иргэд ойлгох хэрэгтэй. Коронавирус анх зарлагдсанаас хойш 47 хонож байгаа нь урт хугацаа. Хэдийгээр манай улсад бүртгэгдээгүй байгаа ч эсрдэл өндөр байна.
Тиймээс Монголын ард түмэн нэг удаад Цагаан сараа өнжчих л гэдэг асуудлыг тавьж байгаа юм. Бүгд өөр өөрсдийн аюулгүй байдлаа хариуцах ёстой. Ганцхан төр засгийн ажил биш. Хувь хүний хариуцлагын тухай л асуудал юм.
Ямар нэгэн байдлаар золголтоо зогсоохгүй, хавтгайруулсан бол тухайн иргэнд хариуцлага тооцохоос өөр аргагүй. Шууд хариуцлага тооцно. Төр захиргааны бүх байгууллага ажиллана. Ирэх сарын 2 хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байгаа. Нөхцөл байдал сайжрахгүй бол дээрх хугацааг сунгана. Сунгалаа гэхэд хэд хоногийн өмнө мэдээлнэ” гэв.
1 comment
ХЯНалтаа ЧАНГАЛАХГҮЙ бол, хоёр үзүүртээй зүү шиг ШЙИДВЭРИЙН АЧААР шинэлэлт хавтгайрлаа цааначинь