Дэлхий даяар коронавирусын халдварын нийт тоо 75,122, нас барсан хүний тоо 2,005 болсон бол халдвар туссаны дараа бүрэн эдгэрсэн хүний тоо 12,624 болжээ. Халдварын голомттой хөрш зэргэлдээ манай улсын хувьд “Өндөр эрсдэлтэй” орны тоонд орсон. Тиймдээ ч иргэдийн дунд халдвар тархсан байх магадлалтай гэсэн айдас байсаар байна. Ийм цаг үед санаатай болон санаандгүй байдлаар худал мэдээлэл тараасан хэргүүд сүүлийн үед гараад буй. Хуулийн байгууллагууд шуурхай ажиллаж худал мэдээлэл тараасан этгээдүүдийг олсныг өмнө нь бид мэдээлсэн.
Худал мэдээлэл тарааснаас үүдэж иргэд хүнсээ нөөцлөх, эрүүл мэндийн яам болон бусад албан тушаалтнуудыг “Халдвар тархсныг нууцалж байна” гэж хардах хүмүүс их байна. Өнөөдрийн байдлаар (2020.02.19) Монгол улсад коронавирусын халдвар илрээгүй бөгөөд тусгаарлаж, шинжилсэн хүмүүсийн хариу сөрөг буюу халдваргүй гэсэн онош гарсан юм.
Хэн нэгний ах, эгч, найзын хэлсэнд бус АЛБАНЫ ЭХ СУРВАЛЖТАЙ мэдээлэлд итгэхийг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна. Коронавирустэй холбоотой албан ёсны мэдээ, мэдээллийг та бүхэн “Эрүүл мэндийн яам“-ны фейсбүүк хуудаснаас авах боломжтой. Албан ёсны хуудас нь доорх зурагт харуулснаар нэрнийхээ ард “√” буюу зөв гэсэн цэнхэр тэмдэгтэй байгааг анхаараарай. Та энд дарж тус хуудсыг үзээрэй.