Эрт дээр үед Испанийн булаан эзлэгчид эх орондоо алтны хамт Бразили, Венесуэлийн эртний өтгөн ой ширэнгэд ургадаг үнээн модны тухай гайхалтай түүхийг авчирсан юм.
Үнээн мод буюу орон нутгийнхны нэрлэдэг сорвейра /угж/ гэдэг модыг ургамал судлагчид ашигта каллофор гэж нэрлэдэг. Энэхүү гайхашигт модны холтсыг дөнгөж зүсэнгүүт түүнээс сүү гоождог. Саях модны шүүс нь гадаад байдлаараа ч, амтаараа ч үнээний сүүтэй төстэй юм. Хэрэв түүнд ус хийж буцалгавал тэжээллэг сайтай хүнсний үйлдэхүүн болдог. Амазонкийн нам доор газарт хэдэн саяараа ургадаг энэ мод бүр нэг удаа “саахад” 2-4 литр сүү өгдөг.
Саяхнаас өмнөд америкийн зарим эрдэмтэд модны сүүг сурталчилж эхэлжээ. Тэд сорвейрийн шүүс нь америкийн халуун бүсэд оршин суугчдын хоолны зүдүүхэн хувийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж болно гэж үзэцгээж байна.
Венесуэлийн ой ширэнгэд галактодендрон хэмээх сүүний өөр нэгэн мод ургах бөгөөд шүүсний амт нь сорвейрийнхээс илүү ажээ. Түүнийг огт боловсруулахгүйгээр хоолонд хэрэглэж болно.
Өмнөд Америкт “пало де вака” /үнээний мод/ буюу брозимум хэмээх мод мөн ургадаг. Түүний сүүг бүр Александр Гумбольдт дуртай амсаж үзжээ. Хэрэв үндэснээс нь дээгүүрхэн зүсвэл зууралдсан өтгөн, гүгэлийн анхилуун сайхан үнэртэй сүү гоождог байна. Нутгийн оршин суугчид түүнд эхлээд талх үйрүүлэн хийж дуртай хэрэглэдэг байжээ. “Пало де вака”-ны сүү агаарт үнээний сүү шиг өрөмтөн хөөсөөр хучигдана. Тэр нь ширхэглэн, шаргал туяатай, бяслангийн нимгэн зүсмийг санагдуулдаг ажээ. Сүү нь их гоожно. Нэг мод 2-3 цагийн турш тэжээллэг шингэнээ хэдэн литрээр нь ч өгч чадна.
Дашрамд хэлэхэд зарим судлагчид брозимумийн сүү нь уухад биш, харин зажилдаг бохь хийхэд тохиромжтой, бага хэмжээгээр уухад хоргүй, харин их хэмжээгээр бол хэрэггүй гэж үздэг. Учир нь юу гэвэл найрлагад нь нэлээд хэмжээгээр /37 хувь хүртэл/ байдаг лав нь хүний биед боловсорч шингэдэггүй.
Сорвейра, галактодендроны сүү нь бусад ургамлын, жишээ нь багваахай, сүүт өвс, шүүдэргэнийн сүү шүүстэй адил байдаг. Опиум гэсэн нэртэйгээр алдаршсан намуу цэцгийн өтгөрсэн сүүн шүүсийг анагаах ухаан ашигладаг. Каучукийн ургамлын шүүсийг резин бэлтгэхэд хэрэглэдэг. Бусд сүүн шүүст модны шүүснээс будаг хийх түүхий эд бэлтгэдэг. Харин сорвейра, галактодендроны шүүс хоолонд хүртэл хэрэглэхэд тохирдог ажээ.
Энэхүү “сүүн үйлдэхүүн” ургамлын амьдралд ямар үүргэтэй юм бэ? Янз бүрийн үүрэг гүйцэтгэнэ.
Сүүн шүүсний судлууд ургамлын бүх эдээр тархсан байдаг. Тэр нь сүүн цийдэмтэй нимгэн хальсаар дүүрсэн байдаг. Үнээн модны сүү нь мөн л цийдэм, өөрөөр хэлбэл өөр шингэний жижиг дуслууд агуулсан шингэн юм.
Ургамлын сүүн шүүсэнд өөх тос, уураг, саахар, цардуул байдаг. Навчинд нь үүссэн органик бодис сүүн шүүсний судалд цуглардаг. Модны үр боловсрох үеэр сүүн шүүс нөөцөө өгч, турж эцсэн үнээний сүү шиг шингэн усархаг болдог.
Сүүн шүүс нь агаарт амархан өтгөрдөг давирхай, каучук зэрэг янз бүрийн бодис агуулна. Шүүс нь зүссэн газраас гоожихдоо өтгөрөн шархыг хучиж өнгөртөнө. Олон ч ургамлын шүүсэнд хортой юм уу гашуун бодис байдаг. Иймээс сүүн шүүсний судал нь сайн хөгжсөн ургамалд ургамал идэштэн амьтад ойртдоггүй.
UPDOWN.MN