Шинэ төрлийн коронавирусийн тархалтын төв болоод байгаа Хятадын Ухань хотын томоохон эмнэлгийн захирал өнөөдөр өглөө нас барсан тухай CCTV суваг мэдээлжээ. Ухань хотын Учан эмнэлгийн захирал Лю Жиминь өчигдөр 2020/02/17 Covid-19 халдварт өвчнөөр нас барсан байна.
Өнгөрсөн шөнө Хубэй мужийн эрүүл мэндийн хороо сошиал хуудсандаа Лю захирлыг нас барсан тухай анх мэдээлж байв. Дараа нь энэ мэдээллээ үгүйсгэж, түүнийг амьд байгаа тухай дахин мэдээлсэн байна. Харин өнөөдөр өглөө Хятадын төв телевизийн сошиал хуудсанд Лю захирлыг нас барсан тухай мэдээлжээ.
2003 онд Хятадад SARS вирус тархах үеэр Бээжингийн эрх баригчид бодит мэдээллийг нуун дарагдуулсан хэмээн олон улсын хамтын нийгэмлэгт шүүмжлүүлж байв. Энэ удаа Хятадын засгийн газар аль болох нээлттэй ажиллана гэдгээ амлаад байгаа. Өнгөрсөн Баасан гарагт Хятадын эрүүл мэндийн үндэсний хорооны дэд дарга мэдээлэхдээ коронавирусийн голомт дээр ажиллаж байгаа нийт 1,716 эмч, сувилагч халдвар авснаас зургаа нь нас барсныг мэдээлсэн юм.
Ikon.mn