Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд 2019 оны санхүүгийн тайлангаа танилцуулж эхэллээ.
“Атар-өргөө” ХК 2019 онд 10.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Энэ нь өмнөх оноос 26 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Харин тайлант хугацаанд тус компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 17 хувиар өсөж, 280 сая төгрөг хүрсэн байна. Үүнд борлуулалтын өртгөө бууруулсан болон зардлаа танасан нь нөлөөлсөн гэж тус компани мэдээллээ.
Цэвэр ашиг нь өсөхөд барааны үнээ 20 орчим хувиар өсгөж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн нь голлон нөлөөлсөн
“Атар-өргөө” ХК нийслэлийн хэрэглэгчдийн 30 гаруй хувийг талх, нарийн боовоор ханган худалдааны 1600 гаруй цэгт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Харин “Талх чихэр” ХК 2019 оны санхүүгийн жилд 54.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан талаар тайлагналаа. Энэ нь өмнөх оноос 17.7 хувь өссөн үзүүлэлт болжээ.
Мөн тайлант хугацаанд тус компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 24.2 хувиар өсөж, 2.4 тэрбум төгрөг хүрсэн байна. Ийнхүү цэвэр ашиг нь өсөхөд барааны үнээ 20 орчим хувиар өсгөж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн нь голлон нөлөөлсөн байна.
Мөн өнгөрсөн онд эрүүл амьдралын хэв маягт зориулсан “Онцгой” нэрийн брэндээ танилцуулсан нь зах зээлд эрэлттэй байгааг тус компани онцоллоо. “Талх чихэр” ХК дотоодын нарийн боовны хэрэглээний 27 орчим хувь, талхны хэрэглээний 60-65 хувийг хангаж байгаа аж.
2019 оны 12 дугаар сарын байдлаарх Гаалийн ерөнхий газраас гаргасан мэдээллээс харахад талх, талхан бүтээгдэхүүн экспортод гаргаагүй байна. Харин мөн хугацаанд талх, талхан бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс 121 хувиар өсөж, 590 орчим мянган ам.доллар хүрчээ. Үүнээс ихэнхийг буюу 50 орчим хувийг ОХУ-аас импортолж байна. Мөн Украйн, БНХАУ, БНСУ, Вьетнам, Турк зэрэг улсаас түлхүү импортолжээ.