Шинэ коронавирусын тухай мэдээ дэлхийн хэвлэлүүдийн онцлох мэдээний орон зайг эзлэх болжээ. ДЭМБ болон томоохон улс орны Анагаах ухааны салбарын нэр хүндтэй мэргэжилтүүд вирусын тархалтын хүрээ дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх талаар мэдээлж байгаа.
2020 он Австралийн аймшигт түймэр, Туркийн газар хөдлөлт, Индонезийн үер, Хятадаас эхэлж дэлхийд тарж буй коронавирусын дэгдэлт гэх мэт ертөнцийг гайхшируулахад хүргэсэн түгшүүрт мэдээгээр эхэлсэн бөгөөд Оросын хэвлэлүүд гэхэд хэдэн арван жилийн өмнө Болгарын зөнч Вангагийн өгүүлсэн дэлхий нийтийг хамарсан халдварт өвчний талаар хэлсэн зөгнөлийг сөхөн нийтэлсэн байгаа. Ванга хэлэхдээ 2020 оны эхээр үл мэдэгдэх вирус буюу өөрчлөгдсөн тахал гарна гэсэн бөгөөд үхлийн аюултай халдвараас сэргийлэх эм бэлдмэлийг жилийн дараа л олно. Гэвч энэ хугацаанд хэдэн зуун хүн үхнэ хэмээн өгүүлжээ.
Тэгвэл дэлхий нийтэд тархаж буй халдварт өвчний талаар Бурханы шашны ном, Богдын үндэслэсэн зарлигт ч өгүүлсэн байдаг бөгөөд энд түүнээс ангижрах боломж, зан заншил хийгээд сэтгэл зүйн аргыг өгүүлсэн байх аж. Огторгуйн төвөөс нэгэн хэсэг чулуун дотроос гарсан бөгөөд төрөлхийтөн бүхнийг зовлонгоос гэтэлгэх зам мөр хэмээх бичиг оршивой номоос хэсэгчлэн нийтэлж байна.
Хутагт их нигүүлсэхүйт Аръяабал цөвүүн цагийн аюулыг няцуулахын бусаг зарлигаа Хятадын оронд соёрхсон хөлгөн судар оршвой
Лам айлд, лам айлд ирээдүй галавын эцсийн цөвүүн цаг хэмээгч хүрч ирээд хүмүүн нугууд араваас ес үхэх мэт болж байм уу. Тэр юун буй хэмээвээс ерөнхий амьтан нугууд буяныг үл үйлдэх ба Гурван эрдэнэд сүсэг бишрэлгүй бөгөөд хур салхийг хараах ба эцэх эхийг тахимдах, бишрэлгүй өвгөд хийгээдэд энэрэл асралгүй газрын эзэд, догшин лусуудад хор хүргэх, дээд өвгөдийн хойноос тайлага тавилаггүй авга ба ах бэргэдийг тоомжиргүй ширүүн үгээр дайрах, тариа будааны зүйлийг хааш яайш цацан сүйтгэх, ачийг саналгүй сөргүүгээр хариулах,
хүний завсар хутган үймүүлж, цуугиан болгох, башир хуурмагаар хатгаж, зарга залхай үүсгэж, чивэлт тацаангуйгаар ариун ёст охидын биеийг бузарлах, ядуу доодсыг зовоох, ах эхэс нь бага залуугаасаа номхлог боол зарц болгох, доодос дээдэс нь тоомжиргүйгээр харшлах, жинхүүгээр башир хуурмаг гаргах, хэвээ сахисан хүнийг аргаар доройтуулах, хөөрхийгүй сэтгэлээр дэмий олон амьтныг хорлох тэргүүтэн энэ мэт муу үйлийг хураасны боловсрол эдүгээ өөрийн бие дээр эргэн иржээ хэмээн Бурхан Майдар Авида Аръяабал нугууд алдав.
Бас зарлиг болруун: Усны хөөс мэт зургаан зүйлийн амьтан арван хар нүглийг цээрлэлгүй үйлдсэний гэмийг ялгахын тулд Лау хэүшин хэмээх Ангараг гариг тэнгэрээс бууж хүний оронд ирээд нягтлан шүүж, дээр гарсан номын ёсоор тэвчил онолыг хичээн явагчдад барчидыг арилган насан хутагыг нигүүлсэхгүйгээр таалан зохиож нүднээсээ цусан нулимс гаргасан болой.
Тэндээс ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Их нигүүлсэхүйт чи сайтар сонс! Нүднээсээ нулимс бүү гарга. Миний зарлигыг сайтар сонс! Шинэ жилийн барс сарын дотор хүний оронд өөд болохыг таалсан болой.
Тэр цагт галав бүгд барагдаж, орчлон зовлонтой далайгаас гэтэлж, хилэнц түйтгэр бүгдийг тэвчээд тамын зовлонгоос амьтан бүгдийг ч удирдах болой. Тэр цагт энэ номын үсэг дэлгэрэх болой.
Үүнийг бичих буюу уншин үйлдвээс өвчин бүгд тасарч нэг хүнээс бичүүлвээс нэг балгадад туслана. Нэг балгадад бичүүлвээс хаана байгаа бүгд дэлхий дахинаа туслах, хүмүүн нугууд буян арвидах хийгээд муу нөхцөл саад зэтгэрийг хариулах ба тамын зовлонгоос тохилох бол энэ ба хойд насанд туслах бөгөөд Зургаан зүйл хамаг амьтан бүхнээ тонилгох мөр мөн.
Үлгэрлэвээс их далайг гатлахад салыг шүтэх мэт. Үсэг үүнд сүсэглэхгүй хийгээд бишрэгчид нь их хэрэгтэй болой. Майдар бурхан хүний оронд эс залрахаас нааш аугаа их туслах үсэг энэ мөн болой. Үүнийг бичигчид бусдад дэргэрүүлвээс нас буян цаглашгүй арвидмуй. Орчлонгийн цайсан далайг хатаамуй.
Нэгдүгээр: Амьтан анх тэргүүнд арван харын үүднээс Нисваанимын эрхэнд ормуй. Амьтан бүхэн хөөрхий
Хоёрдугаар: Хүний оронд цусан голоор дүүрмүй
Гуравдугаар: Тариа төмс тарин үйлдсэний хойно өөрөө авах нэг ч үгүй
Дөрөвдүгээр: Хүмүүс зовлонг машид амсмуй
Тавдугаар: Замд нь явах хүн үзэгдэхгүй болмуй
Зургадугаар: Элдэв зүйлийн араатнууд айл балгадаар дүүрмүй
Долдугаар: Газар орны гэрүүд хоосон болох
Наймдугаар: Араатны үхэл алин боловч тасрахгүй үзэгдэх
Есдүгээр: Хүмүүн нэгжгээд хошоодын төдий байв ч сууж чадахгүй
Аравдугаар: Бирдийн адаар балгад орон хийгээд завсрын арван хар тэр адил болой.
Бас нэгэн нэгэндээ сайныг дурлахгүй өөрийгөө магтан бусдыг муушаан үйлдэх болмуй. ХҮний дотор дөрвөн зүйл буй бөлгөө. Хан язгуур, ноён язгуур, бярман язгуур, эгэл язгуур болой. Тэдгээр бүхэн ч энэ бичигт сүсэглэх хийгээд бишрэн үйлдвээс сайн хувьтай болой.
Бурхан зарлиг болруун: Ном үүнд сүжиг буруудваас нэгэн нэгнийг хөтөлж тамд унамуй. Энэ номыг үл сонссон нь уйлан гаслахуйд тэнгэр газар дүүрмүй. Хижиг өвчний галав ирэх буй. Энэ бичгийг сонссон хүн даруйд түргэнээ бичиж, уншин үйлдвээс тахал тасармуй.
Ер нь бүхэн ч амарлих болой. Сайн төрлийг ч олох болно. Жич бас хүнд долоон зүйл зовлон буй болой.
Амьтан тамын зовлон лугаа нэг
Бирдийн адил өлсөх ундаасахын лугаа хоёр
Асури нар адил хэрүүл тэмцлийн зовлон лугаа гурав
Чөлөөгүй хийгээд үгээгүй ядуугийн зовлон лугаа дөрөв
Буруу үзлийг баримтлахын зовлон лугаа тав
Урт наст тэнгэрийн зовлон лугаа зургаа
Зуурдын зовлон лугаа долоо буй.
Тэр нугууд бүхэнд тусдаа үүнийг сүжиглэвээс санасан бүгд бүтнэ. Өвчин тахал бүгд тасрах, эртний сайн хувь лугаа төгөлдөр болох болмуй. Тэр юуны тулд хэмээвээс улаан морин жилд огторгуйн тивээс хэсэг чулууны дотроос энэ бичиг гарсан нь мөн бичиг ном үүнийг нэг нэгэндээ далдлахгүйгээр даруй өгүүлэх хэрэгтэй болой.
Энэ нь нэг хоёрын тусад бус амьтан бүхний тусад зохиосон мөн. Орчлонгийн зовлон бүгд барагдах болой. Жич бас цагийн эцэст Бурхны шашин доройтох буурах цаг:
Гэлэнгийн шагшаабад буурах цаг
Буруу явдлыг сэтгэлдээ дурьдах цаг
Тангаргаласан идээг идэх цаг
Арван харыг эдлэх цаг
Тарничид хараал хийх цаг
Таван хорыг дотроо өвөрлөсөн цаг
Муу бурууг эдлэх цаг
Өөд болсон гом доош тонгойн одох цаг
Ниссэн шувуу өднөөс цочих цаг
Модыг төмөр саванд оруулах цаг
Хүн муу үйлсийг үйлдэх цаг
Муу олон гэм ирэх тэр бүхэн аюултай муу магад ирнэ.
Муу цагийн шалтгааныг няцруулагч ном үүнийг уншсан, бичсэн төдийгөөр цагийн мууг хариулахуйд дамжиггүй буй. Үнэхээр үнэн, үнэн бусыг үзэх хийгээд мэдэх үнэнийг өгүүлэв хэмээн өгүүлэн үйлд.
Худал гэсэн хүмүүст үс нь үзүүрээсээ доош, хөлийн улнаас дээш шарх өвчнөөр бүрхэн ирэх буй. Бурхан тийн хэмээн зарлиг болгосонд Аръяабал хийгээд Майдар ба Ананд хийгээд тэнгэр хүмүүн ба Асури хийгээд хинари сэлт ертөнц дахиндаа баясалцаад Бурхны номолсныг илт магтав.
Тэндээс Бурхан бэлгэс хийгээд үлгэр чимгээр сайтар чимсэн баруун мутраа газарт давшиж, хар зүгийн шуламсын аймгуудын нөхөр сэлтийг даран үйлдэв. Баясгалан хийгээд сэтгэшгүй амгаланг олох хийгээд өвчин шулмас бүгдийг арилган номхотгон үйлдэгч билэг Барамид үүнд урин үйлдсүгэй. Тэндээс Бурхан алины Самадид оршиж сайн зарлиг боть дэвтэр сударын аймгийг хураасан энэ номыг номлосон бөлгөө.
Ананд бурханд та бээр номлосон нь энэ ном орчлонгийн муу шалтгаан зэтгэрийг няцуулмуй. Шар бичин жилд олон зүйлийн өвчин ирмүй. Түүнд хэрэгтэй гүн нарийн гүрэм хэрэгтэй болой.
Амьтан бээр энэ адил үнэн бус хэмээн энэ номонд үл сүсэглэх бөгөөд ном үүнийг дэлгэрүүлэн эс чадваас хар зүгийн шуламсын аймгууд баясгалантай болмуй. Бичиг үүнийг бичиг унших хийгээд сүсэглэн үйлдвээс маш амгалан ирэх буй. Ном үүгээр тус амгалантай буй. Сайн сайн. Маш сайн. Бүгдэд үзүүлэн үйлд. Сайн бүгд сайтар болмуй. Эрдэм бүхэн дэлгэрмүй.
Туулсан Бурхан бээр номлов: Ананд Увади тэд бээр амьтнаа тустай ном үүнд хичээгтүн! Ирээдүй цагийн эцэст үүний эрдэм цаглашгүй. Үүнд хэн сүлэглэн үйлдвээс хүсэл бүгд бүтнэ. Муу шалтгаан зэтгэрийг няцуулмуй. Бурхан шашинд сүжигтэй хүмүүс хүж хийгээд цэцгүүдээр тахин үйлдсүгэй.
Тэндээс Майдар итгэлээр огторгуйн тивээс нааш үзэж, хүмүүсийн нүднээс цусан нулимс гарсныг үзээд Бурханы дэргэд ирж айлгав. Бурхан түүнд ирээдүй хүртэл үгс цөөхөн, утга хураангуй их адист нэгэн номыг соёрхон зохиохыг үзмүй хэмээснээ Бурхан зарлиг болруун:
-Майдар чи сайн болой. Чи миний зарлигыг сонс. Асури хийгээд хурмаст тэргүүтэн амьтан бүхнээ тусад зохиосон мөн болой. Төрөлхтөн амьтан бүхэнд туслахын тул би бээр үгэс утга адил номлов. Үүнд хичээж бишрэл үйлд! Сайн хотол төгссөн мөн улаан морин жилийн намрын тэргүүн сараас эхлэн шар бичин жил хүртэл энэ бичигт сүжиггүй нүгэлт бүгд үхэх болой. Ном үүнийг бичиж уншваас хүмүүс насан уртатгах хийгээд өвчингүй ба буян арвидах болой.
Муу хорлол үйлдэгч бүхнээр айл балгадад хийгээд ирэвч хүнийг үзэхгүй, хаана байгаа болзоогүйд одоод халхлах тэр цагт ном бичиг үүнийг адисаар алиа ад хологч бүхнээр харж тогтоох болой. Ном үүнийг дэлхий дахинаа аривтгаваас их хэрэгтэй болой. Худал хэмээн санаж битгий сэжиглэ.
Би Бурханы ухаан хийгээд гэгээн төгөлдөр сайвар ажирсан ертөнцийг айлдсан төрөлхтөн амьтныг номхотгогч замыг жолоодогч дээргүй тэнгэр хийгээд хүмүүсийн багш Бурхан ялж, төгс нөгчсөн миний энэ ном зам адил нь улаан морин жилд гарах тэр цагт муу цаг ургаж, улаагчин хонин жилд зарим хүмүүн боож үхмүй. Заримууд нь замд явж үхмүй, заримууд нь замд газар цөмрөгдөж үхмүй.
Шар бичин жилд усны аюул ирэх буй. Тэр цагт яр өвчнөөр үхмүй. Тэд цагт адын аймгаар дэлхий дахиныг тойрч энэ номыг бичин, уншин үйлдвээс ад түйтгэр бүгдээр чадахгүй болму. Шаргачин тахиа жилд хүн бүгдээр санваар сахих их хэрэгтэй. Амьтны мах хийгээд цусыг битгий ид. Бусдад хор бүү үйлд!
Цагаан нохой жилд барс, ирвэс, чоно араатан дэлхий дахины айл бүхнээр дүүрч ирэх тэр цагт ялгуусны гүн нарийн ном үүнийг уншин үйлдэх их хэрэгтэй болой. Цагаагчин гахай жилд амьтан бүгд дэлгэсэн цаасыг салхинд хийсгэсэн мэт суудал өөрийн эрхгүй болмуй. Их далай урвасан адил болмуй.
Тэр цагт Бурхан Аръяабалд зарлиг болруун: Нар сарны гэрлээр Бурханы адисаар дөрвөн зүг, найман зовхис бүхэнд тодорхой бичиг үүнийг бичиж уншваас Майдар заларч ирэх хүртэл туслах ном энэ мөн. Үүнийг бичиж уншваас уул мэт буяныг үйлдмүй. Бодолай уулын орд харшид Бурханы зарлигт учирсан амьтан бүгдийг амгаланд зохимуй.
Бас Аръяабал амьтан бүхнийг хөөрхий хэмээн таалж, амьтан бүгдийн тусад дэлгэрүүлсэн мөн худал хэмээн санаж сэжиглэвээс зуны тэрүүн сар хийгээд дунд сар хоёрт хижиг өвчний хувь ирмүй. Өглөө байсан хүн үдэш үхмүй.
Тэр цагт муугийн хувь хийгээд жимст мод ой цэцэрлэг бүгд билхүүснээр тасрах, уул хад бүгд үндэснээс эвдрэх, газар дэлхий бүгд хөдөлж тэсэхгүй болох, арван хүний дотроос нэгээс бус үл үлдэх, худал хэмээвээс Бурханы зарлигыг тэвчсэн амьтан хөөрхий.
Тэндээс улаагчин хонин жилд хийгээд шар бичин жилд хүртэл таван зууны цаг ургах мөн дөрвөн зүг найман зовхис бүхэн хямралдан ирэх хүн, хэрүүл тэмцлийн дотроос үйлдэнэ. Муу цагуудаас гэтэлгэгч ном үүнийг олноор үзсэн төдийгөөр бичиж, уншин үйлдвээс хямралдааныг дармуй. Амаржуулан үйлдсүгэй.
Бичиг үүнийг бичиж, уншваас цаглашгүй буяныг хураах буй. Айх эмээх бүхнээс гэтэлнэ. Маш амирлах болтугай. Мөн бичиг энэ нь нэг хоёрын тусын тулд биш, амьтан бүгдийн тусад зохисон. Мөн энэ номд их бага бүгд сүсэглэвээс хүн бүгд сайн амгалан жаргалантай болох, сайн хотол төгссөн мөн амьтан зовлонгуй болмуй.
Тав зургаан сард энэ бичгийг даган дурьдснаар эс хичээвээс хижиг өвчний галав ирэх, заримууд нь хүйтэн өвчнөөр өвдөж үхмүй. Зарим нь халуун өвчнөөр үхмүй, зарим нь солио өвчнөөр үхмүй, зарим нь сахир хатгалж үхмүй, зарим нт элэг өвдөж үхмүй, ад тэр нугаас сахих эм буй.
Үүнийг биед зүүвээс язгууртны хөвгүүд, язгууртны охид, тэнгэрийн ад, лусын ад, бүднэрийн ад хийгээд өвчин талах тэдгээр бүгдээс гэтэлгэх болой.
Ээ ма хоо омо паани паани суухаа
Энэ ном нь манай язгуур үндэсний лам Ганжуур ба хутагт мэргэн Номун хаан гэгээнтэний мутарт хүрсэнд энэ мэт олны зовлонд тэсэхүйеэ бэрх, нигүүлсэнгүйн далай хөдөлж, Цөвүүн цагийн амьтан, маний үйл зовлонгоос гэтэлгэхүйг мөнхүү Аръяабал мэт шамдан таалж, үүнийг Монгол үсэгт орчуулан олон тараатугай хэмээн айлдсанаар хичээнгүйлэн дагаж энэхүү Богдын үндэслэсэн зарлиг номын рашааныг олонтой хүртсэн шавь боол Лувсанданчойшарав бээр монголчлон орчуулав. Мангаалам
Монгол бичгээс крилл бичигт хөрвүүлж, орчин үеийн Монгол хэлэнд буулгасан Г.Чанцал, дэд доктор, дэд профессор Л.Дуламсүрэн, энэхүү сударыг санхүүжүүлсэн Жамсран, Жанцан
XVII жарна “Тийн дарагч” хэмээх төмөр луу жил
Эх сурвалж: Огторгуйн төвөөс нэгэн хэсэг чулуун дотроос гарсан бөгөөд төрөлхийтөн бүхнийг зовлонгоос гэтэлгэх зам мөр хэмээх бичиг оршивой ном
Төгсгөл: Түрүүчийг ЭНД дарж уншина уу.
3 comments
Төвдөөр бичсэнийг нь зөв харуулаач
Цөвүүн цагийн амьтадын буян бага, сэтгэл нь хар бурууд автсан, ам хэлний алдас ихтэй гэдэг. Хар хятадын хар тахлаас яаж хамгаалах вэ гэснийг нь бага байхад л Богдынхоо бошгыг уншаад гайхдаг байж билээ.
Мухар сүсэг