-Огторгуйн төвөөс нэгэн хэсэг чулуун дотроос гарсан бөгөөд төрөлхийтөн бүхнийг зовлонгоос гэтэлгэх зам мөр хэмээх бичиг оршивой-
Гурван эрдэнэд итгэм үү!
Ялж төгч нөгчсөн бурхан галав болох муу цагт төгөлдөр туслах бичгийг номлосон буй. Энэ хэмээгч зам мөр лүгээ адил болой. Тэр юуны тулд хэмээвээр энэ номонд төрөлхийтөн амьтан бүгд шүтвээр зовлон бүгдээс гэтэлгэх болой. Тиймийн тулд энэ номыг зам мөр лүгээ адил хэмээв. Тэндээс насан төгөлдөр Ананд сонссон цаг нь энэ мэт бөлгөө.
Бурхан бодь модны дэргэд оршсон цагт муу цаг болохын хэрд сахиад амьтан бүхний явдал зүйл, тийн ариун арван явдлын үүднээс энэ бичиг лүгээ учирсан хүмүүс их буянтай болой. Эс учирсан хүмүүс буян өчүүхэн хийгээд нисванисын зовлон маш их буй.
Газар дээрх хүмүүс нь мэсийн дор шүхэр дэлгэсэн адил үзэгдмүй. Тэндээс Ананд бурханд айлгасан нь:
-Ялж төгс нөгчсөн Та амьтныг нигүүлсэхгүйгээр таалахын тулд энэ зовлонгоос гэтэлгэж соёрх! хэмээн айлтгасан бурхан Анандад зарлиг болруун:
-Би чамд номлосугай! Би огторгуйн тивд оршоод замбуу тивийн амьтныг үзэх таалах, мөн нугууд миний зарлигийг сонсох түн. Энэ ном нь муу цаг болохын хэрд сахиад аугаа их тустай бичиг энэ мөн болой. Үүнийг бичсэн хийгээд уншсан ба их нигүүлсэхгүйг урин үйлдвээс түргэнээ хилэнц түйтгэр арилгах болой.
Номын үсэг үүнд хүжис хийгээд цэцгүүдээр сайтар тахиваас амьтан бүхэн ч амгаланд зохиох үсэг үүнийг бичих буюу уншваас төрөл тутам сайн төрлийг олох магад болой. Эндээс урд нэгэн их далай буй бөгөөд түүний захад их нигүүлсэхүйн хувилгаан хувилж оршсон болой. Амьтан бүхэн хөөрхий хэмээн удирдан буяныг дэлгэрүүлэх нөхөр болмуй. Хэрвээ үүнийг үнэмшихгүйгээр зоримогоор буруу явбаас бич, тахиа, нохой, гахайд хэсгэн ялгах цагт:
Идээ байв ч идэх хүнгүй
Зам байв ч явах хүнгүй
Гэр байв ч суух хүнгүй
Газар байв ч тарих хүнгүй
болоод тав, зургаан сарын дотор хорт могойгоор дэлхий бүрхэмүй. Найм есөн сарын дотор маш муу хүний үхдлээр дэлхий дүүрмүй. Тийм боловч хилэнцийг тэвчин буяныг үйлдвээс хүмүүс арван зүйл аюул зовлонг үл амсах болой. Арван зовлон нь:
Анх: Ус ба галын аюулын зовлон
Хоёрдугаар: Гэр орон оромгүй хоосрохын зовлон
Гуравдугаар: Мунхагийн харанхуйгаар мэдэлгүй үхэхийн зовлон
Дөрөвдүгээр: Садангаас салж ганцаар тэнэхийн зовлон
Зургадугаар: Газар бүгдээр хүн үхдлээр дүүрэхийн зовлон
Долдугаар: Дэлхий дахин цэрэг дайнаар үймэхийн зовлон
Наймдугаар: Өдөр шөнөд дайран хэмхэлдэхийн зовлон
Есдүгээр: Өөрийн эд малыг хүн эзлэхийн зовлон
Аравдугаар: Замбуу тив амаргүй болохын цаг зовлон болой. Бас муу цагийн үеэс газрын шим барагдах, тариа үл ургах ба ширүүн салхи, догшин хур буух тэргүүтэн муу үйлийн боловсролыг нийтээр үзэх нь олон. Бас үйлийн үрийн тийн ялгагч Эрлэг Номун хааны зарлигаар Гуа, Жэү хэмээгч хоёр элч түшмэлийг илгээж, хүний орныг захиран гэсгээх ба газар, дэлхийг гэсгээн, сансрын тэнгэр, лус, ягчис, нугууд цуглаж, үйлийн үрийг басамжлаад эл бүхэнд тэнгэрийн орон амьтныг эзлэгч догшин ягчисыг зарж Замбуу тивд ахуй муу явдалтай хүмүүсийг нэгэн агшинд амийг нь таслах болой.
Бас номлоруун:
Нэгдүгээр: Амьтны муу үзэл барцад их бөгөөд салхины аюул
Хоёрдугаар: Гал
Гуравдугаар: Ус
Дөрөвдүгээр: Цэрэг
Тавдугаар: Өвчин
Зургаадугаар: Аянга ба цахилгаан
Долдугаар: Хортон амьтан
Наймдугаар: Эм хүн нярайлахуйд төрөх ба хойт нь бэрхжих
Есдүгээр: Зуд турхан
Аравдугаар: Хүн барагдан хоосрохын зовлонгууд буй болой.
Бурхан Майд, Авида ийнхүү зарлиг болруун:
Цагаан бичин жилээс хөх хулгана жил хүртэл өвс тариалан чухал болж, өлсөх үгүйрэхийн зовлон олон болой. Дээр номлосон тэдгээр цээрлэлийг сайтар хичээн соёрх! Сүсэг бишрэлээр сайн удиртгалыг дагаж явах ба олон амьтанд сүжиг дуршил төрүүлэн нэгээс аравт уламжлан, олон амьтныг сайн мөрд удирдан муугаас тонилгох болвоос хулгана жилээс өмнө Замбуу тивд жаргалангийн нар ургаж, цагийн хур буугаад, тариа төмч дэлгэрч, эд мал арвижих болой.
Хэрвээ зарлигыг мэдсээр бусдад эс үзүүлбээс даруй арван аюул биед тусаж ирэхийн зовлон амсахаар үл барам дахин хүний биеийг үл олох болой. Бусаг зарлиг үүнийг бичиж, бусдад тараасны тус эрдэм нь тэрхүү аймаг, балгадын аюул энэлгээ арилах ба сайн цагийн мянган бурхан, насан өлзийт үүл мэт цуглаад буян хишиг нь далай мэт арвидах, арван зүйлийн аюулыг үл амсах болой.
Хутагт ийн нигүүлсэхүйд, Аръяабал муу цагийн аюулыг няцруулахын бусаг зарлиг, үүнийг Хятад гүн Хээ шанагяан хэмээх оронд соёрхов.
Эдүгээ бас нийслэл хот ихэд самуурч, түшмэл албат цөм сарнин явсны учир Галын тэнгэр Шинийн нэгний өдрөө тэнгэр хүний үйлийн үрийг ялган шүүгч Эрлэг номун хааны дэргэд хүрч, доод олон амьтны буян нүгэл үйлийн учрыг айлтгасанд Эрлэг номун хаан сонсмогц таалал ихэд чилэж, зарлиг болруун:
Хэзээд хүний дахин үүргийг авснаар олон амьтанд чанга цааз, сайн суртлыг эс үйлдсэний учир эдүгээ орон аймаг бүхий хүн 40 зүйл үйлийн үрийн явдлыг басамжлан явснаар зарим нэгэн жилд үймээн тотгор, өвчин хижиг дэвтрэх болой. Тийм боловч хамаг бурхад ба их нигүүлсэхүйт Аръяабалд айлтга түн! хэмээснээ ийн хэмээн айлтруун:
-Аяа их хилэнцэт орчлонгийн муу заяанд унасныг юун өгүүлтэл буяныг үйлдсэн Нирвааны гүн мөрийг олох аргыг айлдан соёрх! Хэмээн айлтгаснаа зарлиг болруун:
Эдүгээ Эрлэг Номун хаан нийт ерөнхий буян нүгэлийг хоёр зүйлээр ялгасан нь: Газар орны цэрэг дайн гаргаж ялгах ба хүн амьтанд хижиг өвчин тусгаж ялгасан болой. Даруй тэнгэрийн цэрэг, засаг зарилгыг дагаж, бошог дан ав ир! гэхийг сэтгэвээс зохилт явдалт нь:
Анхан: Гурван эрдэнэд дээрэнгүй сэтгэлээр тахил барих
Хоёрдугаар: Эцэг эхдээ эс бишрэх
Гуравдугаар: Боолуудыг өлсөөж явуулах ба сайн хүнийг боолчлох
Дөрөвдүгээр: Үйлийн үрийг басамжлах хүслээр буруу үзэл төрөх
Тавдугаар: Амуу тариаг доромжлон сүйтгэх
Зургадугаар: Гэр шүтээн хүрсэнд сүжиг бишрэл буруутгаж, эвдэн бусинуулах
Долдугаар: Олон амьтан босомжийг таслах
Наймдугаар: Түү-шингээр бач хуурмаг гаргах
Есдүгээр: Ил хуураад, далд эзэрхэх
Аравдугаар: Тусын хариуд хор үйлдэх
Урьд урдын энэ мэт сурталгүй явдал явснаас хойт үеийн үр хөвгүүд дүрсгүй болж, жич харин эцэг хөвгүүнээ түшмэл, хөгшин залуу нөхөр, хань харилцан тангараг журмыг харшлах, муу нь сайндаа хор хүргэх, баян нь үгээгүйдээ бардамнах, хүсэл шуналаар хуурмаглан дотнолж, зөвшөөрмөөр болон хүний эдийг авах, муу аргаар ямагт хүнийг мунхруулан бусдын эдийг мэхээр холгохыг, эм дом үйлдэнэ хэмээн бусдын толгойг эрүүлэх, сайн айлаар хор хүргээд, бачимдах цагт гэдрэг туслах сайн хүн болох заяагүй, юмыг их үнэ хэлж гэнэдүүлэн хонжих, ном бичгийн үсгийг алхах,
Зарим нь тансаг эдлэл бүрдэвч ихэд буруудсан үйл үйлдэх
Зарим нь үйлийн үрийг басамжлах
Зарим нь өөрийн дураар бусдын юмыг хомголзох
Зарим нь хүслээр ичгүүр сонжуургүй явах
Зарим нь ачийг саналгүй буруугаар хариулж бусдад муу дүрэм болох
Зарим нь өвгөдийг үл тоон залуусаа дарлах
Зарим нь найрамдал журмыг эвдэж ганцаар болох
Зарим нь гэр эзэлсэн эмс, нөхрийн эцэг эхийг хараан гар хүрэх
Зарим нь идэх уухын төдийд ч гэрийн дотор алагчлан үйлдэх
Зарим нь хүний хооронд хов хэлж, өрсөвхийн засаг цаазанд хүрэх
Зарим нь нөхөр садандаа ямагт хэрүүл үйлдэх
хийгээд бас бус могой барих, загас өөшлөх, шувуу алах, аглаг ууланд түймэр тавих, бумба түлшийн газар хор хүргэх, бичээч сойвон, үйлчлэгч зарц, нугууд цааз хуулийг өөрчилж, гэмтэйгээр яван зэтгэр мэт зайлах далдлах ба худал бичиг засаж, хүний уур хилэнг хөгжөөн, өшөөлөх аргаар барчид мэргэжихийг хичээх,
Үр тарианы зүйлд ус, шороо хольж ашиг хийх, чинээтэн хүнийг үзвээс атаархан тэмцэлдэх, гаслан зовлонт хүнийг үзвээс өр зөөлөн сэтгэл үл төрөх, муу явдалт хүнийг үзвээс ятган хориглохгүй, шударга хүнийг үзвээс дэмий ундууцан, голын хий хөдлөх, өөрийн сайн муугаа үл мэдсээр бусдыг амны зоргоор зэмлэх, хэдий сайнаар сурган хэлэвч огт үл сонсох,
Муу санаагаар аргадаж, хилэнц үйлдтүгэй хэмээвээс даруй зөвшөөрөн авч, шамдан бүтээхийг хичээгч тэргүүтэн, чивэлт дээл дөрвөн зүйлийн явдал эдгээрийг нэг нэгээр тодорхойлон нягтлан тоолж, энэ мэт муу хүн хэдий байхыг хүний ертөнцөд агуулалгүй, дауй эцэтгэж, там, бирд адгуусны оронд төрүүлэн, язгуур үндэс ч тасалж, эцэг, хөвгүүн, элгэн садан цөм сарниж, өнчин ганцаар болоод мухардан гачигдаж, тэнэн одох ба тэдгээр цусан гол, өргөн ясны шугуй овоологдож, цаашид газар байв ч тарих хүнгүй, гэр байв ч суух хүнгүй хэмээсэн учир тэр болой.
Хэрвээ хилэнцийг тэвчин буяныг үйлдэх хүн буй бөгөөд түүнд өвчин тогторгүй, нас буян арвидах тэргүүтэн цагаан зүгийн үйлс бүтэж, түйдэхгүй гурван жилийн дотор үр үржин бүхнээ амгалан жаргалан болохыг би батлан өгүүлсүгэй.
Тэр үйлийн үрийг Тийн ялгагч, Эрлэг Номун хааны зарлигаар доод ертөнцөд ирж, түгээмэл олон амьтныг нягтлан эргэж, буян, нүглийг тодорхойлон ялгах үес, анхнаа цэрэг дайн, дараа өвчин хижиг гаргаж, нэгэн хэдэн сарын дотор дөрвөн тивийн муу хүнийг хүчээр хураан авах цагт Бурханд айлтгаваас:
-Аврал адислах арга, эм засал үйлдэв ч үл туслах бөгөөд хэдийгээр Оточ бурхан заларч ирэв ч буян, нүглийг эс арилгаваас эм нь үл болон, буян үйлдэгчдэд туслах ба нүгэл үйлдэгчдэд үл тусна.
Олон амьтан энэ мэтийн бэрх зовлон амсаж байхыг үзвээр эдүгээ дахин гэтлэх аргагүй болоод та нугуудын тахил өргөлийг авч, авралын шүтээн богох зохисгүй болой. Тийм боловч маш аймшигтай муу заяаны зовлонгоос эдгээр амьтныг ашид эс туслах болоод мань эртнээс их нигүүлсэхгүй, олон амьтныг туслая хэмээсэн чинь бодь сэтгэл огт золгүй болохын тулд миний хот мандалын бурхад баруун өвгөө газарт сөгдөж мөргөн айлтгаруун:
Дээр айлдсан Замбуу тивийн нүгэлт олон амьтан нүгэл хилэнцээ тус тус наманчилж болох болов уу хэмээснээ зарлиг болруун:
-Аяа ирээдүй муу цаг түүнд арван хүнээс нэг үлдэх, дөрвөн зүгээс цэрэг дайн хямрах, найман зовхисоос өвчин хижиг буух, тэнгэр дуугаран аянга бууж газар дэлхий хөдлөх, далай мөрөн бялхаж, уул тал бүрхэх, сэрүүн салхи үймэж газар орныг нураах, муу ер үзэгдэж, цэцэг жимс хатах, тангарагийн буг хэн энд хүчлэн өглөө үдэш үүдэнд ирэх, өвчний эзэн хорлол зэтгэр үдийн наранд дүр дүрсээ үзүүлэх, уулаас барс, могой бууж зам хөндлөн явах эрхгүй болох энэ мэт арван зүйл аюулаас гэтлэн чадваас сая хүн хэмээж болно.
Ерөнхий хүмүүс эртхэнээ сэтгэл ариусгаж, бусаг зарлиг үүнийг анхаарах авах хэрэгтэй болой. Ерө авул хөнөөлийг ирэхийн урьд буяны үйлийг дурьдан эс санаваас чухам боловсрон тул ирэх цаг ирэвч бачимдавч юун тус.
Иймийн тулд урьд буяны үйлд хичээн шамдаж, энэхүү бусаг зарлигт нэгэн үзүүрт сэтгэлээр бишрэн Гурван эрдэнэд тахил өргөж, эцэг эхээ ачлан, санаагаа ариутгаж, өвгөдөө асран, залуусаа хайрлан, хууль ёсыг дагаж, баялаг нь үгээгүйдээ өглөг өгч, мэргэд нь мунхагдаа зүй ёсыг ухаалах болвоос амьтан нугууд арван аюул ба зовлонгийн далайд үл унах бөгөөд үйл хийгээд үйлдвэр бүхэн амгалан жаргалан болох болой.
Миний айлдсан зарлиг, үүнийг үсэг бичиг мэдэх хүн бичиж нэг уламжлаваас өөрийн бие амгаланг олно. Арав уламжилваас нэг гэрийн зовлон арилна. Зуу уламжлаваас нас буян цөм дэлгэрнэ.
Чинээтэй хүн хэв сийлж, хотол бүхнээ тарааваас нэр зэрэг алдаршин, үр хөвгүүн олж зэрэг тушаал нэмэгдэн санасан хэрэг сэтгэлчилэн бүтэж, эрх хүч тансаг, эдлэл хотол төгс болой. Бичиг үсэг үл мэдэгч тэд учрыг ухуулан сануулан хэлж мэдүүлтүгэй.
Энэ номонд ёс бус сэтгэл, буруу үзэл төрвөөс даруй амийг таслагч үйлийн тэнгэр түүний биенд эрс ирж, нэгэн агшинд үхэтхийн унаваас доллоон сүвээс цус цувран үхэж тамд төрөх болно. Эндэж муу цагийн үйл энэлгээг заасан төдий гарснаас бус нарийн тодорхой илэрхийлэвээс би Тэнгэрийн нууц утгыг асар асар дэлгэрүүлвээс тангарагт харшилах алдаа буй. Дан гац үүнд ч ёс лугаа зохилдох сүжигтэй сэтгэлээр бишрэх хэрэгтэй бөгөөд итгэмжгүй хоёр сэтгэл барьж үл боломуй хэмээн зарлиг болгосноо шүтэж, наминчлал залбирал үйлдэх их хэрэгтэй бололй.
Ерөөл нь асар тунгалаг туйл амгалангийн мөн чанараас арга билэг элдэв зүйлээр хувилгаан дүр үзүүлэгч аврал дээд хуурмаггүй Гурван эрдэнэ бээр ашид хагцалгүй миний зүрхний төвд орштугай!
Эртнээс үйлдсэн цагаан, хар үйлийн шалтгаанаас эндүүрэлгүй үрийн боловсролыг эдлэн амсах хэрэгтэй болой хэмээн эдүгээ Бурхан олон зүйлийн судар тарнисыг хараахан үйлдэж, эгэл маньд маш тодорхой бусаг хайрласан ахуй дээр илт цөвүүн цагийн аюул зовлон хүч ирэв ч хязгаарын цагаан, хар үйлийн үрийг үзүүлсэн дээд номонд итгэх сүсэглэх дээд шинжлэл үйлдэн үгүйеэ Гурван хорын Нисванисаар цалгайран явагч бид орчлонд амгаланг хүсэх байтал зовлонгийн шалтгаар явбал оночтой үйлийн боловсролын гаслан зовлонг амсахад ойртсоноо ухах түн!
Нигүүлсэхүй бурхад, бодь сэтгэл төрж эс тэсхүйдээ олон зүйлийн цээрлэл наманчлалын арга үүнийг эс үзүүлжээ. Үнэхээр энэхүү учраар би хийгээд, над лугаа адил оюунтан үзтэл үйлийн боловсрол, нүдний өмнө илэрч ирвэл үтэр түргэн биед хүрч ирнэ хэмээн айх сэтгэл төрж, үнэмлэхүй сүсгээр Гурван эрдэнийн өмнө нүглээ наманчилмуй.
Надаас эхлэн олон амьтан бодийн зүрхэн хүртэл найдангуйн тачаал орны эрхийн муу үйлийг орхих бүрүүн. Нарт ертөнцийг жигшиж, номын мөрт зөвлөхийн явдлаар нам жим хязгааргүй Бурханы газар хүрэх болон адислал нэвтэрхий үйлдсэн ном үүнд сүжиглэсэн буянаар амьтан нугууд нэн ялангуяа билэг тэргүүтэн хотол төгс долоон эрдэнэ бүрдэж, ялангуяа эрх баялгаар ахуй үйлсэд амгалан жаргаланг эдлээд, нийт бүхнээр түргэнээ туулсан Бурханы хутгыг олох болтугай!
Энэ ном нь манай язгуур үндэсний лам Ганжуур ба хутагт мэргэн Номун хаан гэгээнтэний мутарт хүрсэнд энэ мэт олны зовлонд тэсэхүйеэ бэрх, нигүүлсэнгүйн далай хөдөлж, Цөвүүн цагийн амьтан, маний үйл зовлонгоос гэтэлгэхүйг мөнхүү Аръяабал мэт шамдан таалж, үүнийг Монгол үсэгт орчуулан олон татаатугай хэмээн айлдсанаар хичээнгүйлэн дагаж энэхүү Богдын үндэслэсэн зарлиг номын рашааныг олонтой хүртсэн шавь боол Лувсанданчойшарав бээр монголчлон орчуулав. Мангаалам
Монгол бичгээс крилл бичигт хөрвүүлж, орчин үеийн Монгол хэлэнд буулгасан Г.Чанцал, дэд доктор, дэд профессор Л.Дуламсүрэн, энэхүү сударыг санхүүжүүлсэн Жамсран, Жанцан
XVII жарна “Тийн дарагч” хэмээх төмөр луу жил
Эх сурвалж: Огторгуйн төвөөс нэгэн хэсэг чулуун дотроос гарсан бөгөөд төрөлхийтөн бүхнийг зовлонгоос гэтэлгэх зам мөр хэмээх бичиг оршивой номын бүлгээс хэсэглэн авав.
4 comments
Асуудлыг харав ч шийдлийг нь хардаггүй нь Буддизмын мухардал юм
шийдэл бэлэн байгаа. Адаглаад арван хар нүгэл бүү үйлд
Энэхүү Чулууны бичигт хэрхэн шийдэх талаар маш тодорхой харуулсан байгаа. Энд хэсэгчлэн авахдаа тэрхүү шийдлүүдийг орхигдуулсан байна.
ee maa ho umaa paanii paanii suuhaa