Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Мягмардорж “Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар 63 дугаар тогтоолыг баталж, БНХАУ-тай хиллэж байгаа автозам, агаарын зам, төмөр замын боомтын зорчигч тээврийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоосон” гэлээ.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэрийн дагуу ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хил хааснаар бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй.
Харин урд хөршид гарсан шувууны ханиадны улмаас шувууны мах, махан бүтээгдэхүүнд л түр хязгаарлалт хийгээд байна.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй. Тиймээс иргэд хүнсээ бөөнөөр нь худалдан авч нөөцлөх шаардлагагүй.
Иргэд та бүхэн өдөр тутамдаа шинэ, шимтэй хүнс, тэр дундаа адууны мах, аарц хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна” хэмээв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 12-нд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариунууд сөрөг гарлаа. 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутан ирснийг тусгаарлаад байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 8 хүн, Архангай аймагт нэг хүн тусгаарласан. Шинжилгээний хариуг хүлээж байна. Ухань хотоос ирсэн 31 оюутныг дахин шинжилгээнд хамруулсан бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй” гэв.
Шинэ коронавирусийн талаар зөвлөгөө, мэдээллийг 24 цагаар өгч буй утсууд:
Эрүүл мэндийн яам-323002
Халдварт өвчин судлалын үндэсний төв-100, 80086829
Зоонозын өвчин судлалын үндэсний төв-70284393
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв-18002000
1 comment
4 удаа шинжилгээ, дахиад 24 хоног байлгах хэрэгтэй байх оо. Эрх биш сүүлийн үеийн мэдээллийг уншиж байгаа биз дээ