Ч.Сайханбилэг З.Энхболдод хариу барилаа

Ч.Сайханбилэг өөр улсаас иргэншил хүссэн нь “үнэн” гэдгийг өчигдрийн мэдээллээрээ З.Энхболд баталсан. Тэрбээр “Сайханбилэг өөр улсаас иргэншил хүссэн. Манай улс дахь тухайн улсын Элчин сайдын яаманд хандсан байна. Сайханбилэг бол зугтаж явах биш, Монголдоо ирж үнэн зөвөө олчих хэрэгтэй байгаа юм” гэв.
Тэгвэл Чимэдийн Сайханбилэг фэйс хуудсаараа түүнд дараах хариуг барив. Тэрбээр “Өчигдөр нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж.
Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг дөө. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ” хэмээжээ.
Чимэдийн Сайханбилэг гэх энэхүү пэйж хуудсыг хуурамч хаяг уу, жинхэнэ хаяг уу гэдгийг мэдэх боломжгүй байгаа юм. Хэрвээ энэ хаяг жинхэнэ хаяг байгаад пост оруулж байгаа бол төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хувьд байж боломгүй, хариуцлагагүй үйлдэл юм.
З.Энхболдын хувьд ч мөн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж байгаа тухай мэдээлэл хийх үеэрээ олон хариуцлагагүй мэдэгдэл хийж байсан юм.
Н.БАТАА