УИХ өнгөрсөн намрын чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаа тойрсон шүүмжлэл олон нийтийн дунд өрнөсөн. 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолдог байсан юм.
Гэвч хууль шүүхийн байгууллага хэргийг удаашруулахаас гадна, хэрэгт холбогдсон этгээдэд ямар нэгэн байдлаар цаг хожиж хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгах боломж олгох болсон. Үүний дагуу тодорхой тооны хэргүүд прокурор болон шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон тухай баримтууд ч бий. Ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэргүүд хэрэгсэхгүй болсон нь олон нийтийн эгдүүцэл дургүйцлийг хүргэсээр байгаа.
Ерөнхийлөгч Эрүүгийн хуульд хориг тавьсангүй
Засгийн газар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлдөө гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгасан юм. Уг төслийг нь УИХ-аар хэлэлцэх үед 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж шинээр тоолох тухай дагаж мөрдөх журмын хуулийг Хууль зүйн байнгын хорооноос санаачлан батлуулсан. УИХ баталсан эдгээр хуулийнхаа эцсийн найруулгыг завсарлахаасаа өмнө сонссон.
Түүнээс хойш УИХ-ын дарга хуульд гарын үсгээ зурж ёсчлох, Ерөнхийлөгч хориг тавих эсэх зэрэг процессын хугацаа өрнөж, хоригийн хугацаа өчигдөр 15.00 цагт дууслаа. Тиймээс Эрүүгийн хууль болон дагаж мөрдөх журмын хуулийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэж, хэрэгжүүлэх боломжтой боллоо. Эдгээр хууль нь ирэх долоо хоногт гарах “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэх юм байна. Аливаа хуулийг энэ сэтгүүлд хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр болсон гэж үздэг.
Тиймээс ирэх долоо хоногоос эхлээд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэмт хэргүүдийг сэргээн шалгах боломжтой болж байна. Хууль хэрэгжиж эхэлснээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан болон хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа гэдэг ойлголт байхгүй болно. Зөвхөн мөрдөн шалгах гэдэг ганцхан хугацаа л тоологдоно.
Мөрдөн шалгах хугацаа нь ердийн хөөн хэлэлцэх хугацааг хоёроор үржүүлсэнтэй тэнцэх юм. Бас бусдыг насан туршид нь мөрдөн шалгаж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт бий. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатарын байр суурийг хүргэе.
Х.Нямбаатар: Бид эрүүгийн эрх зүйд цоо шинэ хэм хэмжээ, жишиг тогтоочихсон юм биш
-Манай байнгын хорооноос санаачлан батлуулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг шүүмжилж байгаа хүмүүс бий. Хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэр, төлөөний хүмүүс нь эсэргүүцэж байх шиг байна лээ. Эрүүгийн эрх зүйд хэд хэдэн зарчим байдаг. Энэ бол шударга ёсны зарчим. Мөн заавал хариуцлага хүлээлгэх зарчим бий.
Бид эрүүгийн эрх зүйд цоо шинэ хэм хэмжээ, жишиг тогтоочихсон юм биш. 1960-аад онд Европод үүссэн бодит жишээ бий. 1965 онд Европын бараг бүх улсад хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Тодруулбал, дэлхийн хоёрдугаар дайны буюу цэргийн гэмт хэрэгтнүүдэд хариуцлага хүлээлгэх гэтэл хөөн хэлэлцэх хугацааны 20 жил нь дууссан. Тиймээс Европын улс орнууд хөөн хэлэлцэх хугацааг дөрвөн жилээр сунгаж тоолох хууль баталсан.
Тэр дөрвөн жилийн хугацаандаа цэргийн гэмт хэрэгтнүүдийг бүгдийг нь шүүн тасалж амжаагүй. Тиймээс дахин хуульдаа өөрчлөлт оруулж цэргийн гэмт хэрэгтнүүдийн хөөн хэлэлцэх хугацааг 20 жилээр сунгаж тоолохоор болсон байдаг юм. Гэвч мөн л энэ хугацаа нь хангалтгүй байсан. Тиймээс 1989 онд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх хууль баталсан. Үүнтэй холбоотойгоор цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүх ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа.
Тухайлбал, 2019 оны сүүлчээр Аргентинаас цэргийн гэмт хэрэгтэн олдож, түүнийг шүүж байгаа тухай мэдээлэл гарсан. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд ял завших боломж олгохгүй байх үүднээс дэлхийн улс орнууд хөөн хэлэлцэх хугацааг сунгаж тоолох, хөөн хэлэлцэх хугацаагүй болох хуулиудыг баталдаг. Олон улсын эрүүгийн эрх зүйд ийм жишиг олон бий. Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай фактад 1974 онд нэгдсэн. Энэ фактад гэмт хэрэг үйлдсэн л бол заавал шударга шүүхээр шүүлгэх ёстой гэдгийг заасан байдаг юм.
Мөн Монгол Улс 2005 онд Авлигын эсрэг конвенцод нэгдэж орсон. Энэ конвенцод нэгдэн орсон улс орнуудад авлигын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хөөн хэлэлцэх хугацааг сунгаж шинээр тоолох эрх олгосон байдаг юм. Үүний дагуу бид хөөн хэлэлцэх хугацааг тоолдог процессын хэм хэмжээнд өөрчлөлт оруулсан.
С.Шийлэгтөмөр, Eagle.mn