Шотландын Глазго хотод орон гэргүй архичдыг эмчлэх өвөрмөц хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
BBC News-ийн мэдээлснээр орон гэргүй хүмүүсийг үнэгүй архиар эмчлэхээр болсон гэнэ. Тэд өдөр бүр өглөөний 07:30-аас оройн 21:30 хүртэл цаг тутамд асрах байрны ажилтнууд дээр өөрсдийнхөө аягыг барьж ирж, цагаан дарс авна. Харин эмч нар тэднийг хянана. Хэрвээ согтсон байвал аяга дарсаа авч чадахгүй. Үүнээс гадна уух согтууруулах ундаа нь тодорхой хэмжээтэй. Өглөөгүүр 200 миллилитрээс хэтрэхгүй, харин өдрийн турш 140 миллилитрээс хэтрэхгүй байх гэж заажээ. Гэхдээ асрах байрнаас гадуур гашуун юм уух л юм бол хөтөлбөрөөс шууд хасна.
Хөтөлбөрийн эхний оролцогчид нь архины хамаарлаасаа болоод гэмт хэрэгт нэг бус удаа холбогдож байсан хүмүүс байна. Энэ санааг хүний эрхийг хамгаалагч Кэрен Маккласки гаргажээ. Тэрбээр Канадад 1990-ээд оны дунд үеэс хэрэгжиж байгаа “Managed Alcohol Project” тусламжийн хөтөлбөр дээр үндэслэн ийм хөтөлбөр дэвшүүлсэн байна.
Энэ санаачилгын үр дүнд төр засаг иргэдийнхээ амь насыг аврах, төсвийн мөнгөө хэмнэх боломж бүрдэнэ. Учир нь архины гүн хамааралтай хүмүүс ууж болох бүхнийг хайдаг. Үүнээс болж архинаас гадна гарын халдваргүйжүүлэгч, шил арчигч, цанталтаас сэргийлэгч, үнэртэй ус зэргийг ууж хорддог байна. Харин асрах байранд байнга эмчийн хяналтад байна. Хөтөлбөрийн явцад олон хүн хорт зуршлаасаа татгалзаж эхэлдэг аж.