Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Энэ үеэр тэрбээр хэлэхдээ:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс гамшгаас хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх үүргийг, хорио цээрийн дэглэм гаргах чиглэлийг, Цагаан сарын баярын реклам сурталчилгаа, үзэсгэлэн худалдааг зогсоох, Гамшгаас хамгаалах, Эрүүл мэндийн тухай зэрэг хуулиудад өөрчлөлт оруулах, шаардлагатай бол ээлжит чуулган хуралдуулах зэргийг Засгийн газарт чиглэл болгож, зарлиг гаргасан.
Засгийн газар энэ дагуу хуралдаж, коронавирусийн эрсдэлийг бууруулах зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас буюу маргаашнаас эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын /хагас/ зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа.
Гамшгаас хамгаалсан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн заалттай тогтоолыг гаргалаа” гэв.
ГАМШГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ТУСГАГДСАН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖИНЭ ГЭДЭГ НЬ:
8.3.Өндөржүүлсэн бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
- 8.3.1.зарлан мэдээлэх дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх;
- 8.3.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, штабын бүрэлдэхүүнийг гамшгийн үеийн үүрэгт ажилд нь оруулах;
- 8.3.3.удирдлагын байр, харилцаа холбоо, мэдээллийн хэрэгслийг байнгын бэлэн байдалд оруулах;
- 8.3.4.мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авах, дамжуулах, сэрэмжлүүлэх дохио мэдээллийг байгууллага, иргэдэд тогтмол хүргэх, тэдний сонор сэрэмжийг дээшлүүлэх;
- 8.3.5.хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлан гаргах ажлыг зохион байгуулах, удирдлага, штаб, аврах анги, отряд, салбар, нэгж болон мэргэжлийн ангитай жигдрэлтийн сургууль, дадлага явуулах;
- 8.3.6.хорио цээрийн дэглэм тогтоох;
- 8.3.7.гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх.
Мөн сургууль, цэцэрлэгийн карентиныг сунгах эсэх асуудлыг сунгах эсэх асуудал нь цаг үеийн нөхцөл байдлаа харж шийдэхээр болсон байна.
Ш.О