Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уг байгууллагаас сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудын хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.
Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож хөл хорио тогтоогоод буй. Харин Гандантэгчинлэн хийдээс сар шинийн баяраар уламжлал ёсоор ном хурах үйл ажиллагаа зохион байгуулна гэх байр суурийг илэрхийлсэн.
Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шашны байгууллагуудад хяналт тавьж, олон хүн цуглуулсан үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдэл хүргүүлжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан шашны байгууллагуудыг нэг дор олон хүн цугларах өндөр эрсдэлтэй хэмээн дүгнэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж кинотеатруудыг хааж, 04:00 цаг хүртэл ажилладаг бар, ресторанууд 00:00 цаг хүртэл ажиллахаар цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм. Гэвч уг журмыг зөрчсөн байгууллагуудад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон байна.
Мөн Цагаан сарыг угтсан хяналт шалгалтын хүрээнд зах худалдааны төвүүд болон согтууруулах ундааны газрууд, хүнсний үйлдвэр үйлчилгээний аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж зөрчил гаргасан 35 аж ахуй нэгж, 74 иргэнд 47 сая 950 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэдэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалалтын хугацааг нь анхаарч, хаяг шошго нь тодорхойгүй ил задгай худалдаалж буй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөлөө.
НМХГ