Ханш: Төгрөгийн ханшийн дунд урт хугацааны тренд Монгол улсын валют олох чадвараас хамаарна. Харин богино хугацаанд аливаа шокоос үүдэлтэй огцом савлагаа үүсгэхгүй байх бодлогын орон зай бий. Валютын захад оролцогчдын хүлээлт тогтвортой байвал ханшид ч савлагаа үүсэхгүй байх боломжтой.
Эдийн засгийн өсөлт: Корона вирус нь Хятад/дэлхийн эдийн засагт нэг төрлийн шок. Үүнээс гарах 3 хувилбар байж болно. 1) V хэлбэртэй буюу түр зуур эдийн засгийн үйл ажиллагаа хумигдаад эргээд хурдтай сэргэх 2) U хэлбэртэй сэргэлт буюу эдийн засгийн үйл ажиллагаа багагүй хугацаанд саараад эргээд сэргэх 3) L хэлбэртэй буюу эдийн засаг уналтаасаа гарч чадахгүй удах. Энэ гурвын аль нь байх вэ гэдэг нь вирусыг дарах аргыг хэр хурдан олох, мөн эдийн засгийг дэмжих бодлогын орон зайнаас хамаарна. Вирусын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг одоохондоо хэлэхэд арай эрт, ядаж 1 улирлын эдийн засгийн тоон мэдээллүүдийг харах шаардлагатай. Монголын эдийн засгийн хувьд ч нөлөөллийг тоогоор хэлэхэд арай эрт.
Инфляци: Инфляци эрэлт ба нийлүүлэлтийн шалтгаанаар сүүлийн 2 сард саарч буй. Харин 2020 он гараад төсвийн тэлэлт, цалингийн нэмэгдэл, махны үнийн өсөлтөөс шалтгаалаад бага зэрэг нэмэгдэх хүлээлттэй. ҮСХ 1-р сарын статистикийг зарлахад иргэд хүнс нөөцөлснөөс үүдэлтэй ямар бараа бүтээгдэхүүний үнэ дээр өсөлт гарсан нь тодорхой харагдана. Эрсдэлд бэлтгэлтэй байх нь чухал ч, паник үүсвэл вирусаас илүү эрсдэлийг үүсгэх бололцоотой. Энэ нь бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт хэлбэрээр ч илрэх эрсдэлтэй тул тайван байх нь чухал.
Төсвийн бодлого, мөнгөний бодлогын талаар: Төсвийн орлого талд гадаад орчноос хамаарсан эрсдэлүүд мэдээж бий. Алдагдал, өрийн хэмжээ нь дунд урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдалтай холбогдоно. Иймд зардал талын үр ашгийг байнга анхаарах шаардлагатай. Мөнгөний бодлогын гол ажил бол гүйцэтгэх засаглалын бодлогыг дүгнэх шүүмжлэх бус, харин Төв банкны хуулиар ногдсон гол үүрэг болох үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.
Цагаан сарыг тэмдэглэхгүй байх нь ямар нөлөөтэй вэ? ҮСХ-ийн тооцоогоор Цагаан сар тэмдэглэх зардал нь 1 өрхийн хувьд дунджаар 2.2 сая төгрөг, нийт улсын хэмжээнд 1.2 их наяд төгрөг, үүний 40-50% нь бэлэг. Үүнээс 100-200 сая орчим ам.долларын импортын хэрэглээ үүсэх боломжтой. Баяр тэмдэглэхгүй байснаар валютын энэ эрэлт хэмнэгдэх боломжтой. Мөн хэдийгээр хэрэглээ түр зуур хязгаарлагдлаа ч вирусын тархалтаас сэргийлэх нь эдийн засгийн цаашдын ирээдүйд тустай
Б.Түмэнцэцэг