АНУ-ын Массачусетсийн нэгдсэн эмнэлэгт хосгүй туршилт хийжээ. Тус эмнэлгийн эмч нар гуравдугаар зэргийн буюу гүн түлэгдсэн зургаан хүнд генийн хувьд хувирган өөрчилсөн гахайн арьсыг шилжүүлэн суулгасан байна. Эхний мэс заслыг бүр өнгөрсөн оны 10 дугаар сард хийсэн бол туршилтын эцсийн үр дүнгийн талаар долдугаар сард мэдээлэх аж.
Амьтны арьс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн анхны хүн бол биедээ их хэмжээний түлэгдэл авсан америк хүн юм. Нэрийг нь одоогоор нууцалж байгаа уг өвчтөнд тавыг харьцах нь тавын хэмжээтэй, генийн хувьд хувирган өөрчилсөн гахайн арьсыг шилжүүлэн суулгажээ. Ийм нөхөөстэй тэрбээр эмчийн хяналтад тав хоногийг өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэг хүндрэл ажиглагдаагүй байна. Дараа нь эмч нар арьсыг авч, түлэгдэлтийн эсрэг эмчилгээг үргэлжлүүлжээ.
Арьс шилжүүлэн суулгах мэс заслыг клиникийн туршилтын хүрээнд хийсэн бөгөөд ийм туршилтыг “XenoTherapeutics” компани хоёр дахь жилдээ хийж байгаа ажээ. Судлаачид тун удахгүй ноцтой, их хэмжээний түлэгдэлттэй арьсанд гахайн арьсыг түр зуурын нөхөөс болгон ашиглаж эхэлнэ гэж найдаж байна.
Ташрамд сонирхуулахад, Хятадын эрдэмтэд туршилтад сайн дураараа оролцогч хүмүүст генийн хувьд хувиргасан торойнуудын дотор эрхтнийг шилжүүлэн суулгахаар бэлдэж байгаа бөгөөд одоо гахайн эс нь хүний эстэй генетикийн хувьд таарах эсэхийг лабораторийн нөхцөлд шалгаж байгаа гэнэ. Хятадын эрдэмтэд эрхтэнүүдийг нь хүнд шилжүүлэн суулгаж болох гахайн үүлдэр гаргаж авснаа 2019 онд мэдээлжээ.
Эх сурвалж : МОНЦАМЭ